04.01

Өвөрмонголчуудыг сөгдүүлж танхайрсан Г.Ганхуяг нарыг шалгаж эхэлсэн үү

“Босоо хөх Монгол” хөдөлгөөний залуус, дэмжигчид өнгөрсөн амралтын өдөр “Бурхан халдун”-д аялж явахдаа тэнд мөн л аялж, явсан хэсэг өвөрмонголчуудыг сөхрүүлсэн талаарх  зураг цахим ертөнцөөр тарсан. Энэ талаар улсын харцага Г.Ганхуяг цахим хуудастаа “Өвөр монголчууд “Дунд овоо” дээр гарчихсан явсантай тааралдаж “Ах дүү монголчууд ч Монгол Улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүй” гэж сануулан тайлбарлаж өглөө. Дагуулж явсан монгол хүнийг сэгсийтэл нь ганц алгадаж ойлгууллаа” хэмээн бичсэн. Харин “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн “Фэйсбүүк”-т уг бичлэгийг оруулсан байна. Бичлэгт бүлгэм, хөдөлгөөний залуучууд аялж явсан хүмүүсийг тойрч бүчээд “Чи хужаа байна шүү дээ, Дагуулж ирсэн монгол хүмүүст нь хэл. Босго тэнгэрийн даваанаас нааш харийн хүний мөр бүү гарга. Богдын голын урсгалаас хатан хүн байсан ч бүү амсуул гэж мэдэх үү” гэцгээж байгаа нь үлдсэн байдаг. Тэгвэл дээрх этгээдүүдийг танхайн хэргээр шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэн “Энэ үйлдэл  Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт болсон болохоор тус аймгийн хариуцсан байцаагчтай нь холбогдохыг хичээсэн ч хөдөө ажлаар явсан байна. Тиймээс уг хэрэгт холбогдуулан хэн гэдэг иргэнийг шалгаж байгаа талаар нарийн мэдээлэл авч амжаагүй байна. Ер нь Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар гадаадын ч бай, дотоодын ч бай иргэний эрхийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг. Гадаадын иргэний эрх зөрчсөн учраас цагдаагийн байгууллага тоохгүй байна гэж ойлгож болохгүй. Тэр хүмүүсийг шалгаж байгаа. Хариуцсан байцаагч нь эзгүй учраас хэнийг, ямар үндэслэлээр шалгаж байгаа талаарх нарийн мэдээлэл алга” гэсэн мэдээллийг хэвлэлд өгчээ. Ямартай ч Г.Ганхуяг нарыг танхайн хэргээр шалгаж эхэлжээ.

С.НАРАН