02.09

Хаширдаггүй С.Баярцогт

Өнгөрсөн 2013 онд УИХ-ын дэд даргын албыг хашиж байсан С.Баярцогтын оффшор бүсэд бүртгүүлсэн компани, Швейцарь дахь данс нь илэрсэн. Тэрбээр тухайн үед энэ тухай “Би тэр дансыг нээх хэрэггүй байсан. Би тус компанитай холбоотой гэдгээ мэдэгдэх хэрэгтэй байсан. Би өөрийнхөө нэр төрд санаа зовохгүй байна. Зөвхөн гэр бүлдээ л санаа зовинож байна. Мэдээжийн хэрэг би албан тушаалаасаа огцрох хэрэгтэй” гэж ярьсан байв. Гэсэн хэдий ч энэ асуудлаас болж УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгч байсан билээ

    С.Баярцогт өдгөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа юм. Түүнийг энэ албан тушаалд томилогдох үед дээрх оффшор дансны асуудал сөхөгдөж , УИХ-ын гишүүд дургүйцэж байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга нар энэ талаар бухимдалтай байгаагаа илэрхийлж, гадаадад их хэмжээний хадгаламжтай байсныгаа нууцалж байсан хүнийг ЗГХЭГ-ын даргаар томилж болох уу. Ёс зүй байна уу гэхчилэн шүүмжилж байв.  Гэсэн хэдий ч С.Баярцогт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож чадсан.

    Гэтэл С.Баярцогт гэх нөхөр хаширдаггүй нөхөр бололтой. Учир нь тэрбээр гадны компаниас хууль зүйн зөвлөгөө авахын тулд 17 тэрбум төгрөгийг төсөвт тусгахаар оруулж иржээ. Үүнийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар эсэргүүцэж буй юм. Тэрбээр энэ талаар “Гайхамшигтай" санал ... Эрдэнэс Оюутолгой компани Монголын ард түмний эзэмшиж буй 34 хувийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа хэрнээ 17 тэрбум төгрөгөөр Америкийн компаниас хууль зүйн зөвлөгөө авахаар төсөвт оруулж ирэв” цахим хуудаснаа бичиж байв. Өдгөө дээрх асуудлаас болж С.Баярцогтыг огцруулах тухай яригдах боллоо.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ дахь бие даагч гишүүдээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүллээ. Тэд огцруулах үндэслэлээ “Монголын Засгийн газар гадаадын компаниас хуулийн зөвлөгөө авахын тулд 17 тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт суулгасан”-ыг эсэргүүцэж байгаагаар тайлбарласан байна. Уг саналд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Л.Цог нар гарын үсэг зурсан. Ямартай ч С.Баярцогт ЗГХЭГ-ын дарга болоод удаагүй байхад огцруулах асуудал яригдлаа. Монголчууд хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэлцдэг. Тэгвэл С.Баярцогт хаширдаггүй нэгэн бололтой. Ямартай ч түүнийг  огцруулах тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар маргааш хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ.