Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тухай “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 стандартын 7.4 дэх буюу “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг үндэслэн 15 аж ахуйн нэгж байгууллагын 69 их багтаамжийн автобусыг нийслэлийн Тээврийн газрын бүртгэлийн сангаас хассан байна. Харин үйлчилгээг хэвийн явуулахын тулд дээрх хасагдсан их багтаамжийн автобуснуудын явж байсан чиглэлд бусад ААНБ-уудын их багтаамжийн автобуснууд нөхөн үйлчилгээ үзүүлж байгаа аж. Мөн иргэдийн санал хүсэлтээр “Тэнүүн дэлгэр”ХХК-ийн үйлчилгээ үзүүлдэг Ч:24Б “Зунжин-Гурвалжингийн гүүр-ТЭЦ 4” чиглэлд “Эрдэмтранс”ХХК, “Тэнүүн огоо”ХХК-ийн гуравдугаар баазын үйлчилгээ үзүүлдэг Ч:12 “Ургах наран хороолол-Офицеруудын ордон” чиглэлд “Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨААТҮГ-н нэгдүгээр бааз үйлчилдэг болох өөрчлөлтийг хийжээ. Тээврийн хэрэгсэл осол гаргасантай холбогдуулан Нийслэлийн Тээврийн газрын зүгээс “Сутайн буянт”ХХК-ийг 250.000 төгрөгөөр, захирал болон инженер техникийн ажилчдыг 60.000 хүртлэх төгрөгөөр торгосон байна. Мөн Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний 6.13 дэх буюу “Хүний амь нас хохироосон, зам тээврийн ослыг хоёр сард хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан бол үүрэг гүйцэтгүүлэгчийн санаачилгаар гаралтын тоог таваас доошгүйгээр бууруулах шийдвэр гаргаж болно” гэсэн заалтын дагуу дээрх компанийн нийт гаралтыг таваар цөөрүүлэх шийдвэр гаргажээ.
www.TOP.mn