Орчин үеийн шувуудын сүүлчийн өвөг Өмнөд Америкт 95 сая жилийн өмнө амьдарч байжээ.
Шувууны гарал үүслийг хангалттай их судалсан боловч одоо үеийн шувуудын хувьсал хэзээ эхэлсэн, хаана анхны шувууд үүсэж дэлхий даяар тархсан нь тодорхойгүй байсан билээ. Үлэг гүрвэлүүд шувуу болон “хувирсан”-ыг бид багцаалдаг боловч нисдэг гүрвэлүүд, археоптерикс болон түүнтэй төстэй амьтдын дараа яг үлэг гүрвэл ба шувуу хоёрын дунд ямар амьтан байсныг мэдэхгүй өдийг хүрсэн.
Зураг дээр: Археоптерикс. Палеонтологийн чухал олдворуудын нэг. Шувууны хувьсал өөрчлөлтийг тодруулахад энэ олдвор маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ одоо үеийн жигүүртнүүдийн сүүлчийн өвөг бол биш юм.
Тэр амьтныг 72-170 сая жилийн тэртээ амьдарч байсан хэмээн 100 шахам сая жилийн өндөр интервалтай тооцдог бөгөөд хэрэв түүний ямар нэг үлдэгдэл, эсвэл ядаж төстэй хэлбэр дүрс олддог сон бол хэзээ амьдарч байсныг нь хэлж чадах билээ. Харин Америкийн Байгалийн түүхийн музейн мэргэжилтнүүд өөр аргаар судлахаар шийдэж, ДНК шинжилгээгээр баталгаажуулсан жигүүртний хувьслын модоор /ургийн мод маягаар/ шувууны сүүлийн өвгийн амьдарч байсан цаг хугацааг тодорхойлохоор болжээ.
Сантьяго Клеремант, Жоэл Кракрэфт нар хумстай салаа сарвуу, шүд, урт сүүл зэрэг үлэг гүрвэлийн төрхөөсөө аль хэдийн ангижирсан шувуудыг “ашиглажээ”. Орчин үеийн шувууны сүүл бол зөвхөн өд юм. Ингээд 230 төрөл зүйлийн шувуудад ДНК шинжилгээ хийсэнд тэдгээр жигүүртнүүд сүүлчийн өвгөөсөө хойш салж тус тусдаа хувьсаж хөгжөөд хэчнээн удсаныг харж болох юм байна. Судалгааны үр дүнг мөхөж устсан 130 төрөл зүйлийн шувууны олдвортой харьцуулахад харьцангуй бодит тоо гарч ирсэн ажээ. Science Advences-т бичсэн нийтлэлээс харвал, орчин үеийн жигүүртэн шувуудын сүүлчийн ерөнхий өвөг Өмнөд Америкт 95 сая жилийн өмнө амьдарч байсан нь тогтоогджээ. Энэ нь олон төрлийн хэвлээр явагчид, нялцгай биетнүүд, замгийг устгасан Цэрд-палеогены галавын өмнөх үе гэсэн үг.
Судалгааны дараачийн зорилго бол шувуудын тархалтын замыг сэргээн тодруулах, тэдгээрийн хувьсалд цаг уурын байдал хэрхэн нөлөөлснийг тогтоох явдал. Тивүүдийн хэлбэр төрх тухайн үед одоогийнхоос огт өөр байсан бөгөөд Өмнөд Америк гэхэд л Антарктид, Австрали, Шинэ Зеландтай залгаатай байжээ. 50-37 сая жилийн өмнө Өмнөд Америк Антарктидаас тасарсан байна. Малтлагын олдворуудыг үзвэл шувууд хуурай газраар явж Австралид хүрснийг харж болно. Түүнчлэн Өмнөд Америкаас Хойд Америкт очоод, тэндээсээ Европ, Ази, Африк руу тархсан гэж үзэж байна. Удаан хугацаагаар хүйтэн эрин үргэлжлэхэд шинэ төрөл зүйлийн шувууд олноор үүсэж байсан гэнэ. Үүний учир нь, дулаан уур амьсгалтай үед шувуудын амьдарч байсан ширэнгэн ой хүйтний эрхээр хуваагдаж, хил хаяагаа хумьж, улмаар олон тоогоор үхэж үрэгдсэн шувуун сүргийн тасарч үлдэгдэл хэсэг нь амьд гарахын тулд тохиромжтой орчин даган салан холдсоор өөр хоорондоо ихэд ялгаатай шинэ төрөл зүйлүүд үүсэх нөхцөл болжээ.
www.everyday.mn