Жирэмсний эрт үеийн хордлого нь жирэмсний эхний гурван сарын хугацаанд дотор муухайрах бөөлжих зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд өглөөгүүр тод илэрч өдөр тийшээ багасдаг бол ховор тохиолдолд гэнэт илэрч болно. Харин ихэнх эмэгтэйчүүдэд бүх л өдрийн турш үргэлжилдэг байна. Хүнд хөнгөний хувьд эмэгтэй хүн болгонд, жирэмслэлт бүрийн үед харилцан адилгүй илэрдэг.
Ерөнхийдөө бол нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн дөрөвний гуравт жирэмсний эхний гурван сарын туршид илэрдэг. Бүх жирэмсэн эмэгтэйчүүдийн тал хувьд дотор муухайрах болон бөөлжих шинж тэмдэг хамт илэрдэг бол дөрөвний нэгд нь зөвхөн дотор муухайрах шинж илэрдэг. Харин жирэмсэн эмэгтэйчүүдийн үлдсэн дөрөвний нэгд нь бүр мөсөн илрэхгүй байж болно.
Дотор муухайрах шинж ихэвчлэн жирэмсний 6 долоо хоногийн үеэс илэрдэг боловч зарим үед 4 долоо хоногоос эхлэж болно.
Жирэмсэний хугацаанд дотор муухайрах шинж илэрсэн эмэгтэйчүүдийн тал хувьд нь жирэмсний 14 долоо хоног гэхэд энэ зовиур бүрэн арилдаг. Үлдсэн хэсгийн ихэнх эхчүүдэд дараагийн саруудад шинж тэмдэг улам багасдаг. Гэвч ховор тохиолдолд жирэмсний дараагийн үеүүдэд илэрч болохын зэрэгцээ бүх л явцын туршид үргэлжилж болдог байна.
Жирэмсний эрт үеийн хордлогын шалтгаан
Жирэмсний эрт үеийн хордлогын шалтгаан бүрэн дүүрэн тогтоогдоогүй байгаа боловч жирэмсэн үед эмэгтэй хүний биед гардаг физиологийн олон өөрчлөлтүүдийн хавсарсан нөлөөнөөс болдог гэж таамагладаг. Зарим шалтгаан болох боломжтой зүйлсүүдэд:
Хүний хорионы гонадотропин даавар (Human chorionic gonadotropin (hCG)) Энэ даавар жирэмсний эрт үед огцом нэмэгддэг. Гэвч энэ даавар хэрхэн дотор муухайрахад хүргэдэг нь тодорхойгүй ч цаг хугацааны хувьд давхацдаг тул шалгаан болдог гэж таамагладаг. Дотор муухайрах шинж хорионы гонадотропины түвшин ихсэхтэй адил хугацаанд илүү тод илэрдэг бөгөөд ихэр жирэмсний үед энэ дааврийн түвшин илүү өндөр байдгийн зэрэгцээ дотор муухайрах шинж илүү тод илэрдэг нь энэ таамаглалыг улам лавшруулж өгдөг.
Эстроген . Энэ дааварын түвшин жирэмсний эрт үед мөн адил огцом ихэсдэг тул бас сэжиглэдэг.
Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх. Жирэмсэн болсны дараагаар ихэнх эмэгтэйчүүд аливаа юмны үнэрт хэт мэдрэг болдог бөгөөд энэ нь нэг талаас дотор муухайрах шинж тэмдэг үүсэхэд нөлөөлдөг.
Ходоод гэдэсний эмгэг. Зарим эмэгтэйчүүдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо жирэмсний эрт үеийн өөрчлөлтөнд илүү мэдрэмтгий хариу үзүүлдэг. Зарим судлаачид ходоод нь Helicobacter pylori –той эмэгтэйчүүдэд дотор муухайрах бөөлжих шинж тэмдэг илүү удаан хугацаанд хүнд хэлбэрээр илэрдэг гэсэн таамаглал дэвшүүлдэг.
Яагаад зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд дотор муухайрах шинж илүү тод илэрдэг вэ?
Хэрэв танд дараах зүйлсээс байгаа бол дотор муухайрах болон бөөлжих шинж тэмдэг илүү тод илрэх хандлагатай байх болно.
Хэрэв та хоёр болон түүнээс олон тооны ихэр ураг тээж байгаа бол. Энэ нь хүний хорионы гонадотропин даавар (Human chorionic gonadotropin (hCG) эстроген болон бусад дааварын хэмжээ бие махбодид өндөр түвшинтэй байгаатай холбоотой гэж таамагладаг. Энэ нөхцөлд эрт үеийн хордлого илүү хүнд илрэх хандлагатай байх болно
Таны түрүүчийн жирэмслэлтийн үед дотор муухайрах бөөлжих шинж тэмдэг илэрч байсан бол.
Жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэглэх үед дотор муухайрах шинж илэрдэг байсан бол. Энэ нь эстрогений түвшинтэй холбоотой байж болох талтай.
Дотор муухайрах шинж жирэмсэн биш үед илэрдэг байсан бол
Таны удмынханд жирэмсэн байх хугацаанд дотор муухайрах шинж илэрдэг байсан бол. Хэрэв таны ээж болон эгчид эрт үеийн хордлого тод илэрдэг байсан бол танд мөн тод илрэх магадлал өндөр байх болно.
Танд мигрень хэлбэрийн толгой өвдөлт илэрдэг бол
Хэрэв таны хүүхэд охин бол. Нэгэн судлаач жирэмсний эхний гурван сарын хугацаанд дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг эмэгтэй хүүхэд тээж байгаа эхчүүдийн талаас илүү хувьд тод илэрдэг гэж батлажээ.
Эрт үеийн хордлого таны хүүхэд ямар нөлөө үзүүлж болох вэ?
Энэ шинж тэмдэгүүд хөнгөн болон дунд зэргээр илэрвэл таны хүүхдийн өсөлт хөгжилтөнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Хэрэв та жирэмсний эхний гурван сарын хугацаанд жин нэмээгүй бол санаа зовсны хэрэггүй. Эрт үеийн хордлого багасаж арилахын хирээр хоолны дуршил сайжирч биеийн жин нэмэгдэж эхлэх болно.
Жирэмсний явцад дотор муухайралт үргэлжилсээр байвал хоол тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахын тулд жирэмсний витамин хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Хэрэв жирэмсний витаминыг уухад дотор муухайрах шинж илүү тод илэрч байвал төмөр багатай эсвэл төмөр агуулаагүй жирэмсний витамин хэрэглээрэй.
Бөөлжилт хүнд хэлбэрээр болон удаан хугацаагаар үргэлжилвэл дутуу төрөх, ургийн жин бага байх эрсдэл өндөр болдог. Хүнд хэлбэрийн бөөлжилтийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан боловч жирэмсний хугацаанд 7 килограмаар жин нэмсэн эмэгтэйчүүдэд бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад ямар нэгэн сөрөг үр дагавар гардаггүй хэмээн томоохон судалгаа нотолжээ.
Хэрэв эрт үеийн хордлого илрэхгүй байвал зулбах магадлал өндөр байх уу?
Зайлшгүй тийм байх албагүй. Нилээд олон судалгаанаас үзэхэд зулбасан болон өсөлтгүй жирэмсэн болсон эмэгтэйчүүдэд дотор муухайрах шинж илрэх нь бага байсан байна. Хэрэв таны хөврөл болон ихэс зүй ёсоороо хөгжихгүй байвал жирэмсний дааврын түвшин бага байх бөгөөд үүнтэй холбоотойгоор дотор муухайрах шинж тэмдэг сул эсвэл илэхгүй байж болно. Зарим тохиолдолд өсөлтгүй жирэмсэн болсон үед жирэмсний эрт үеийн шинж тэмдэгүүд, тэр дундаа эрт үеийн хордлого богино хугацаанд арилдаг байна.
Гэвч бүх хүн ийм байх албагүй. Жирэмсний эхний гурван сарын хугацаанд эрт үеийн хордлого илээгүй болон сул илэрсэн боловч жирэмсний явц хэвийн үргэлжилэх нь бий.
Эрт үеийн хорлогыг хэрхэн хөнгөвчлөх вэ?
Хэрэв танд хөнгөн хэлбэрийн дотор муухайрах болон бөөлжих шинж тэмдэг байгаа бол зарим энгийн арга танд хангалттай тус болох болно. Доорх аргууд нь таны зовиурыг багасгахад тус болох болно.
Бага багаар ид. Хоол болон зуушийг өдрийн турш бага багаар идэж ходоодоо хэзээч битгий хоосон байлгаарай. Зарим эмэгтэйчүүдэд нүүрсус дотор муухайрахыг багасгах нөлөө үзүүлдэг бол нөгөө хэсэгт нь уураг ихээр агуулсан хүнс дээрх шинж тэмдэгийг багасгадаг.
Жигнэмэг болон хатаасан талх зэрэг зуушийг орныхоо хажууд байлга. Өглөө сэрснийхээ дараа дээрх зүйлсээс хэсгийг идээд дараа нь босохоосоо өмнө 20-30 минут амрах хэрэгтэй. Мөн эдгээр зууш нь шөнө дунд дотор муухайрснаас болж босох хэрэг гарвал тус болох болно.
Өглөө босохдоо шууд боссоноос орон дээрээ хэдэн минут суух нь дотор муухайрахыг багасгахад нэмэр болж магадгүй.
Дотор муухайруулдаг үнэртэй хоол хүнснээс аль болох зайлсхийгээрэй. Жирэмсний хугацааны хоолны хэрэглээндээ аль болон үнэр багатай, дотор муухайрах шалтгаан болохооргүй хүнсийг сонгохыг зөвлөж байна.
Бүрхээх үйлжилгээтэй зөөлөн хоол тухайлбал бантан, зутан шөл зэрэг нь эрт үеийн хорлогын үед тохиромжтой. Мөн хоолыг хөргөж болон тасалгааны темпратуртай болгож хэрэглэхыг хичээгээрэй. Учир нь хоол халуун байхдаа илүү хурц үнэртэй байдаг.
Удаан шингэдэг тослог ихтэй хүнснээс татгалзаарай. Мөн шарсан хуурсан, халуун ногоотой болон хүчиллэг хүнс нь хоол боловсоруулах эрхтэнүүдийг цочроох нөлөө үзүүлдэг.
Хоолны хооронд шингэн зүйл сайн уухыг оролдоорой. Гэвч нэг дор ихээр уух нь таны ходоодыг дүүргэхийн зэрэгцээ өөрөө бөөлжих шалтгаан болдог гэдгийг мартаж болохгүй.
Хэрэв бөөлжилтийн тоо цөөнгүй байгаа бол сахар, давс, кали зэрэг эрдэс агуулсан ундаа ууж болно.
Хоол ундтай холбоогүй зарим хүчин зүйлүүд тухайлбал бүгчим халуун орчин, үнэртэй усны хурц үнэр, машин жолоодох, анивчсан болон хурц гэрэл зэрэг нь дотор муухайралтыг өдөөж болзошгүй. Өдөөгч хүчин зүйлсээс зайлсхийх нь эмчилгээний чухал хэсэг болно гэдгийг санаарай.
Ядрах үед дотор муухайралт нэмэгддэг тул аль болох сайн амарч байхыг хичээх хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ уулзах, кино үзэх зэрэг нь стрессийг бууруулах нөлөө үзүүлж болно.
Жирэмсний витаминыг хоолны дараа эсвэл унтахын өмнө уугаарай. Төмөр нь дотор муухайруулах, хоол боловсруулах замыг цочроох шалтгаан болдог тул жирэмсний эхний гурван сард төмөр багатай болон төмөр агуулаагүй витамин хэрэглэж болно.
Цагаан гааны цай болон ургамалын гаралтай цай хэрэглээрэй. Энэ нь ходоодын үйл ажиллагаанд нөлөөлж дотор муухайралтыг багасгах нөлөө үзүүлдэг.
Хэрэв та дотор муухайралт болон бөөлжилтийг энгийн аргаар зогсоож чадахгүй бол эмчид үзүүлж ямар эм хэрэглэж болох талаар ярилцаарай.
www.eruuludam.mn