01.16

ЧҮ ЧҮ унага сайн үйлийн бэлгэдэл боллоо

Өхөөрдөм хөөрхөн энэ унагаар сайн сайхны төлөөх үйл хэргээ бэлгэдсэн хамт олон хамтран ажиллахаар боллоо.

            Улаанбаатар хотын хэмжээнд албан ёсны бүртгэл судалгаагаар 2000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг гэж үздэг. Харин энэ тоо бодитойгоор бол 7000 орчим хүрсэн гэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж нарын эвлэлдэн нэгдсэн “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал тэмдэглэлээ. Тиймээс мөн тооны ээж, аав нарын ихэнх нь хүүхдийнхээ асран хамгаалагч нь болон ажил эрхлэх боломжгүйгээр орлого багатай амьдарч байна. Гэвч энэ нөхцөл байдлаа боломж болгон ашиглаж, өрхийн хүрээнд үйлдвэрлэл явуулан өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж ирсэн “Ээлтэй ертөнц” байгууллага санхүүгийн болон техникийн туслалцаа авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой боллоо.

            Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан эерэг мэдээллийг түгээгч TV ZONE сэтгүүлийн хамт олон нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааг уламжлал болгон хэрэгжүүлж байна. “Итгэлийн хаалга, Сэтгэлийн түлхүүр” “Бид нэг гэр бүл” зэрэг зорилтот хөтөлбөрүүд нь бодитой үр дүнтэй ажил болсон билээ. Энэ удаад “Ээлтэй ертөнц” ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж, “Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг”-ийн Эмэгтэйчүүдийн холбоонд зуучлан, цаашдын хамтын ажиллагаанд гүүр болон ажиллахаар ийнхүү Санамж бичиг үзэглэлээ.  

“ТV ZONE” сэтгүүл, “Ээлтэй ертөнц” ТББ, Монгол дахь Солонгос эмэгтэйчүүдийн холбоо” хамтарч ажиллана.

            Чү Чү унагаар бэлгэдсэн энэхүү хамтын ажиллагааны Санамж бичигт TV ZONEсэтгүүлийн Эрхлэгч Б.Сайнбаяр, “Монгол дахь Солонгос эмэгтэйчүүдийн холбоо”-ны Тэргүүн Бэг Сынь Рён, “Ээлтэй ертөнц” ТББ-ын Тэргүүн Т. Туяажаргал нар гарын үсэг зурлаа.  

Энэхүү санамж бичгийг үзэглэх үеэр хамтын ажиллагааны эхний алхам хийгдлээ. “Ээлтэй ертөнц” ТББ-ын санд яг одоо бэлэн байгаа 300 ширхэг чихмэл тоглоомыг тус нийгэмлэгийн хөрөнгөөр худалдан авч эхний хөрөнгө оруулалтыг хийхээр тохиролцлоо. Цаашид зөвхөн зөөлөн тоглоомоор хязгаарлалгүй өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ээжүүдийг сургаж, түүхий эд нийлүүлэх, тоног төхөөрөмж, мэдээлэл сургалтын үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг ээжүүд хүүхдээ орхиод ажил хөдөлмөр эрхэлнэ гэдэг хүндрэлтэй.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдэд төвлөрсөн мэдээллийн төв, тоног төхөөрөмж, ажлын байр зэрэг шаардлагатай зүйл олон. Энэ бүх асуудалд Монгол дахь Солонгос эмэгтэйчүүдийн холбоо туслан дэмжиж ажиллахаар боллоо. Дашрамд хэлэхэд, одоогоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг ээжүүд энэ чиглэлээр хамтарч ажиллахыг хүсвэл “Ээлтэй ертөнц” ТББ болон TV ZONE сэтгүүлийн редакцид хандаж болно.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

www.ubs.mn