01.16

Тэмээний ноосыг ”Сэрмэн хайчилж, самнаж бэлтгэвэл малчдын орлого эрс нэмэгдэнэ”


“СЭРМЭН ХАЙЧЛАХ, САМНАХ” ТЕХНОЛОГИЙН ЭРЭЛД
 
Дэлхийд тоо толгой нь жилээс жилд хорогдож буй хоёр бөхтэй тэмээний 60 шахам хувь нь Монголд өсч үржиж байна. Монгол тэмээний тоо толгойн цөөрөлт сүүлийн жилүүдэд зогссон гэсэн нааштай мэдээ бий.
Гэхдээ олигтой өсөлт харагдахгүй доод түвшиндээ байсаар байгаа нь анхаарахгүй өнгөрөх аргагүй асуудал. Хуучин цагийнх шиг тэмээг уналга, ачаа тээвэрт ашиглах шаардлага бараг л үгүй, машин, мотоциклоор ажлаа амжуулах болсон нь тэмээн сүргийн тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй шалтгааны нэг. 
 
Гэвч үүнээс гадна өөр нэг том шалтгаан бий. Тэмээн сүргийн тоо толгой мэдрэгдэхүйц нэмэгдэж өгөхгүй байгаагийн гол учир нь ноос, сүү гэх мэт амьдын ашиг шим нь маш бага үнэлэмжтэй байдгийнх. Малчид аргагүйн эрхэнд л тэмээгээ нядалж, эсвэл амьдаар нь борлуулж арай гэж хэд гурван төгрөг олж амьжиргаагаа залгуулж яваа. 
 
Орчин үеийн хамгийн шилдэг техник, технологиор өвч тоноглогдсон ямар ч шилдэг үйлдвэр тэмээний хяргаж бэлтгэсэн ноосоор ямааны ноолууртай зэрэгцэхүйц уян зөөлөн, тансаг, нэмүү өртөг шингэсэн өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна. Учир нь тэмээний хяргаж бэлтгэсэн ноосноос хялгас үсийг ялгах үйлдвэрлэлийн технологийн процесс маш хүндрэлтэй явагддаг. Ийм шалтгаанаар бохир ноосноос гарах цэвэр ноолуурын гарц ердөө 34-35 хувь, самнасан ноолуурын хялгас үсний агууламж 4-5 хувь л байгаа.
 
 Гэтэл ямааны бохир ноолуураас гарах цэвэр ноолуурын гарц 45-50 хувь, хялгас үсний агууламж 0.1-0.2 хувь байдаг. Өөрөөр хэлбэл, тэмээний самнасан ноосон дахь хялгас үсний агууламж ямааныхаас 25-40 дахин их байна гэсэн үг. Тэмээний самнасан ноосон дахь хялгас үсний агууламж ийм өндөр учраас л тэмээний ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн уян зөөлөн бус “ширүүн”, зах зээл дээр үнэ цэнэ багатай байдаг.
 
Монголын Ноос, Ноолуурын Холбоо хоёр жилийн өмнөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн багийнхантай хамтарч тэмээний бэлтгэлийн ноосны үнэлэмжийг дээшлүүлж малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх арга технологийг эрж хайж эхэлсэн юм. Бид юуны өмнө тэмээний ноосноос хялгас үсийг нь ялгах технологи ажиллагааны үр дүн яагаад муу байгаа шалтгааныг олж тогтоохыг оролдсон юм.
 
Англичууд хялгас ялгах техник технологийг анх боловсруулж бий болгохдоо орж буй түүхий эдийн ширхэгтийн жингийн зөрүүн дээр тулгуурласан байдаг. Энгийнээр хэлбэл ноолуур үс, хялгас үс хоёрын жингийн зөрүү гэсэн үг. Ямааны. ноолуурын хялгас үс, ноолуур үс хоёрын жингийн зөрүү асар их байдаг. Тэмээнийх ч ялгаагүй. Ийм байтал тэмээний ноосноос хялгас үсийг нь ялгах технологи ажиллагааны үр дүн ямааныхтай харьцуулшгүй муу байгаа нь ямар учиртай вэ, жингээс гадна өөр шалтгаан байна уу гэсэн асуултын хариуг хайсан юм. Бид хяргаж бэлтгэсэн тэмээний ноосны үснүүдийн уртыг авч үзэхэд хялгас үсний ширхгийн урт нь ноолуур үснийхээсээ дунджаар,
 
1.7-2.0 дахин их байхад “сэрмэн хайчилж, самнаж” бэлтгэсэн ямааны ноолуурынх бараг ижил байв. Ингэж л бид хялгас ялгах процесст ширхэгтийн жингийн зөрүүгээс гадна “урт”-ын зөрүү шийдвэрлэх нөлөөтэй болохыг олж харсан юм.
 
Тэгэхээр тэмээний ноосноос хялгас үсийг нь ямааны ноолуур шиг ялгахын тулд хялгас үснии ширхгийн уртыг ноолуур үснийхтэй нь адил болгох шаардлагатай болж байна. Аль тавиад онд Английн мэргэжилтнүүд ямааны ноолуурыг самнаж бэлтгэх тал дээр хөдөлмөр шаардсан хүнд технологийг Монголд нэвтрүүлсэн түүхтэй. Тодруулж хэлбэл эхлээд биеийнх нь хялгас үсийг ноолуур үсний оройгоор нь хайчлуулаад, дараа нь ноолуур үсийг нь самнаж авч бэлтгэдэг байсан юм.
 
Ингэж хялгас үсний ширхгийн уртыг ноолуур үстэй нь ижил болгож ямааны ноолуураас хялгас үсийг нь ялгах процессын үр дүнг дээч>лүүлсэн байдаг. Үүнийгээ Монголчуудад хэлэлгүй, ойлгуулалгүй “нууцалсан”-ыг бид ч мэдэлгүй өдий хүрсэн байж. Өнгөрсөн зуунд нэвтрүүлсэн энэ технологийг “сэрмэн хайчлах” гэж нэрлэсээр өнөөг хүрчээ.
ОХУ, БНХАУ-д тэмээний ноосыг самнаж бэлтгэх оролд-лого хийж байснаас биш “сэрмэн хайчлах” туршилтыг ярьж, хийж байгаагүй юм билээ. Бид санамсаргүй тохиолдлоор тэмээний биеийн үсэн бүрхүүлийг яг ямааных шиг хялгас үс нь илүү гарсан хэсгээрээ ноолуур үсээ бүрхэж дарсан хэлбэртэй байсныг мэдсэн юм. Эндээс л тэмээний ноосыг ямааны ноолуур шиг хялгас үсийг нь сэрмэн хайчилж ширхгийн уртыг нь ноолуур үснийхтэй нь ижилсүүлээд, дараа нь хяргаж бус “самнаж” бэлтгэх боломжтой юм биш үү гэсэн санаа төрсөн хэрэг.
 
Малчид тэмээний ноосыг үндсэнд нь хоёр үе шатлалтайгаар бэлтгэж байна. Эхний үе шатанд буюу ойролцоогоор тавдугаар сард зогдор буюу эр ноосыг нь хяргадаг. Эх биеэсээ ноолуур үс нь хөөрч, хөндийрч эхлэх зургадугаар сард бие буюу эм ноосыг нь хяргаж бэлтгэдэг. Харин бид нэгдүгээр шатанд зогдор ноосыг нь хяргахтай зэрэгцүүлээд эх биеийн үсэн бүрхүүлийн хялгас (сор) үсийг нь “сэрмэн хайчилж” авах, хоёрдугаар шатандаа эм ноосыг нь самнах аргаар бэлтгэж авах арга технологийг малчдадаа санал болгосон юм. 
 
Хялгас үсийг сэрмэн хайчлахгүйгээр бие ноосыг хяргах юмуу самнах аргаар бэлтгэх нь үр дүн бараг өгөхгүй. “Сэрмэн хайчилж” хялгас үсний ширхгийн уртыг богиносгосон тохиолдолд л үйлдвэрлэлийн хялгас ялгах дамжлага дээр үр дүн гарна. Харин бие ноосыг самнах аргаар бэлтгэх нь хяргаснаасаа ширхгийн уртыг хадгалах, хялгас болон завсрын үсний агууламжийг бууруулах, гадны хольцгүй шахам цэвэрхэн ноос бэлтгэх боломжоороо ихээхэн давуу талтай.
 
ЯМААНЫ НООЛУУРААС Ч ЗӨӨЛӨН ТОРОМНЫ НООСОН ШААЛЬ
 
Тэмээний ноосыг “сэрмэн хайчилж, самнаж” бэлтгэх туршилтыг Швейцарийн хөгжлийн агентлагийн (ШХА) “Ногоон алт” төслийн багийнхан Баянхонгор аймгийн Баянлиг, Баян Говь сумдад үржиж буй “Ламын гэгээний улаан” тэмээний, Говь-Алтай аймгийн Төгрөг, Шарга сумдын “Төхөм тунгалагийн хүрэн” тэмээний тором дээр, Оюу толгой ХХК-ийн төслийг хэрэгжүүлэгч Бодлого судлалын төвийнхөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3 “Галбын улаан” тэмээний тором дээр хийж 2000 гаруй тонн ноос бэлтгэсэн билээ.
 
Тэмээний ноосыг сэрмэн хайчлах, самнах аргаар ингэж бэлтгүүлэхийн тулд бид малчдад зориулсан "Тэмээний ноосыг зөв бэлтгэж ашиг орлогоо нэмэгдүүлэх тухай” гарын авлага, бэлтгэлийн стандарт MNS.0036-2015-ыг , боловсруулж малчин өрхүүдэд тарааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгсөний үр дүнд малчид, фермерүүд анхны ойлголттой болсон юм.
 
Малчид ямаанаас ноолуурыг “сэрмэн хайчилж, самнаж бэлтгэдэг” уламжлалтай, дадлага туршлагатай учраас тэмээнийхээ ноосыг  ийм аргаар бэлтгэх туршилтыг хийх сонирхолтой байсан нь туршилтын ажил амжилттай явагдахад эергээр нөлөөлсөн гэдгийг онцлох хэрэгтэй. Туршилтыг тэмээний ноос бэлтгэх BNS.0036-2015-ын дагуу явуулсан юм. 
 
Эхпээд торомныхоо биеийн үсэн бүрхүүлийн хялгас (сор) үс, завсрын үсийг нь ноолуур үснийх нь оройгоор шүргүүлэн сэрмэн хайчилж (зогдор ноостой нь хамт хяргаж) аван тусгай шуудайнд савлав. Бэлтгэлийн стандартаар бол хялгас, завсрын үсийг нь ингэж сэрмэн хайчилж аваад 5-6 хоногийн дараа ноолуур үсийг нь самнаж авах ёстой байв. Гэвч цагхугацааныболомжгүйгээс сэрмэн хайчилсны дараа бид шууд бүх биеийг нь шоткоор цэвэрлэсэн билээ. Ноолуурыг нь ямааны самаар самнаж авах үед торомд ямар нэгэн зовиур мэдрэгдээгүй, харин ч хяргаж авснаас бага хугацаа зарцуулсан юм. 
 
Туршилтыг анх удаа хийж байгаа учраас торомоо хэвтүүлж дөрвөн хөлийг нь холбож уян ноослох ажиллагаагаа явуулав. Гэхдээ номхон тэмээ, тором зэргийг бол заавал хэвтүүлэх, дөрвөн хөлийг нь холбож уях шаардлагагүй. Урд хөлийг нь тушаад босоогоор нь самнах бүрэн боломжтой юм билээ.
Тэмээний ноосыг ингэж самнаж бэлтгэх нь хяргаж бэлтгэснээс хэд хэдэн давуу талтайг бид туршилтаараа нотолсон. Тэмээний их бие дээр хялгас үсний ихэнх нь, завсрын үсний зарим нь үлдцэг учир баптгэсэн ноосон дахь ноолуур үсний агууламж 80 гаруй хувьд хүрч, ноолуурлаг хэсгийн ширхгийн дундаж нарийн 16.0-16.5 мкм, урт 45-48 мм-т байв. Энэ нь ямааны бэлтгйлийн шилдэг ноолуурын түвшинд хүрсэн үзүүлэлт.
 
Туршилтаар бэлтгэсэн ноосоо бид “Алтай Кашмер", “ЕСБ”, “Сноу Филдс”, “Мон Нэхмэл”, “Кашмер Холдинг” ХХК-иудад оруулан угаалгаж, хялгасыг нь ялгуулж, ээрмэл, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлүүлж хэрэглэгчдийн гарт хүргэсэн юм. Үйлдвэрүүдэд явуулсан туршилтаас харахад тэмээний хяргаж бэлтгэсэн ноосноос гарах ээрмэлийн буюу утасны гарц ердөө л 32-34 хувьд, жигд бус нь
 
2.5 хувьд багтахтай үгүйтэй гардаг байсан бол торомны “сэрмэн хайчилж, самнаж бэлтгэсэн” ноосноос гарсан ээрмэлийн гарц дунджаар 46-47 хувь, жигд бус нь 1.4-1.6 хувьд хүрсэн билээ. Өмнөхтэй нь харьцуулах аргагүй өндөр үзүүлэлт. Ямааны хэвийн ноолуураар ч ийм өндөр гарцтай, тэгсэн мөртлөө жигд ээрмэлийг
бид хэзээ ч үйлдвэрлэж байгаагүй. Туршилтын ажлын маань гол үр дүн энэ байв.
 
Ийм жигд ээрмэл үйлдвэрлэхэд “Сноу Филдс" ХХК-ийн технологийн тоног төхөөрөмжийн түвшин, инженер-техникийн ажилтнуудын ур чадвар нөлөөлсөн, түүнчлэн түүхий эдээ шинэ стандартын дагуу зөв бэлтгэсэнтэй ихээхэн холбоотой. Туршилтын ажлын маань дараагийн нэг ач холбогдол нь “сэрмэн хайчлах, самнах” нь тэмээ, сарлаг, хонь зэрэг малын гаралтай түүхий эдийг бэлтгэх хамгийн шилдэг арга технологи болохыг мэдсэн явдал.
 
Торомны самнаж бэлтгэсэн ноосоор дээд зэргиин жигд ээрмэл (утас) үйлдвэрлэсэндээ урамшсан бид эцсийн бэлэн бүтээгдэхүүн дээрээ ямар зөрүү гарахыг харахаар цааш нь үргэлжлүүлэн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт хийсэн юм. Жигд ээрмэлээр үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнд “нөхөн засалт” шаардлагагүй шахам байхын зэрэгцээ цаанаа л нэг өнгө үзэмжтэй, уян зөөлөн, цэвэрхэн бүтээгдэхүүн болдогийг мэдэрсэн билээ.
 
Урьд өмнө Монголын ноос, ноолуурын салбарын үйлдвэр, компаниуд 26/1 номерын ээрмэлийн (дан ээрмэлийн) даац (бат бөх) нь нэхэх технологийн тоног төхөөрөмжийн ачааллыг даахгүй байсан учир зөвхөн 26/2 номерын ээрмэлээр (давхар-ласан ээрмэлээр) эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байлаа.
 
Харин торомны “сэрмэн хайчилж, самнаж бэлтгэсэн” ноосоор үйлдвэрлэсэн ээрмэлийн (утасны) даац ер бишийн өндөр байсан учир бид эрсдэл гаргаж дээрх уламжлалыг эвдэн 26/1 номерын ээрмэлээр (дан ээрмэлээр) нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтыг хийлээ. Ингээд үр дүнд нь ямааны ноолууртай дүйхүйц чанартай, мэргэжлийн инженерүүдийн зэрэгцээгээр худалдан авагчдын таашаалд ихэд нийцсэн хөнгөхөн, гоёмсог хүзүүний ороолт, шааль үйлдвэрлэсэн юм.
 
“СЭРМЭН ХАЙЧИЛЖ, САМНАЖ” БЭЛТГЭСЭН НООС ТЭМЭЭЧДИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
 
Өнгөрсөн онд тэмээний хяргаж бэлтгэсэн нэг килограмм бохир ноосны үнэ, ханш, дунджаар 4000 төгрөг, торомных 5000 төгрөг орчим байв. Судалгаанаас үзэхэд хяргаж бэлтгэхэд нэг торомноос
 
2.6 кг, сэрмэн хайчилж, самнаж бэлтгэхэд 1.7 кг орчим ноос тус тус дунджаар гардаг юм билээ. Ажлын хөлсийг нь оролцуулаад тооцоход торомны сэрмэн хайчилж самиаж бэлтгзсэн нэг кг ноосыг, ойролцоогоор, 10000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Ингээд тооцоод үзэхээр малчид сэрмэн хайчилж, самнаж бэлтгэснийхээ үр дүнд тором тус бүрээсээ 4000 төгрөгийн орлогыг илүү олжээ.
 
Торомны сэрмэн хайчилж, самнаж бэлтгэсэн ноосыг үйлдвэрлэлд оруулан эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн туршилтуудын үр дүнгээс харахад цэвэрхэн, хялгас үсгүй, гадны хольцгүй шахам бэлтгэсэн ноосыг кг тутмыг нь 10-15 мянган төгрөгөөр, өөрөөр хэлбэл, торомны ноосыг 15000 төгрөгөөр, том тэмээний ноосыг 10000 төгрөгөөр худалдаж авсан ч үйлдвэр, компаниуд ашигтай ажиллахаар байна. 60 толгой тэмээтэй, түүний дотор 10 торомтой өрх айлын ноосноосоо олох жилийн орлогыг тооцож үзье. Тэмээнийхээ ноосыг“сэрмэн хайчилж, самнаж” бэлтгэсэн тохиолдолд нэг сая 605 мянган төгрөгийн орлого олох бол зүгээр л хяргаж бэлтгэвэл 890 мянган төгрөг олохоор байна. Өөрөөр хэлбэл шинэ аргаар ноосоо бэлтгэвэл 700 гаруй мянган төгрөгийн илүү ашиг олохоор байгаа юм.
 
Тэмээний ноосон бүтээгдэхүүн япон, европын зах зээлд гарна
 
Өнгөрсөн онд торомны “сэрмэн хайчилж, самнаж” бэлтгэсэн ноосоор бид төрөл бүрийн нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээл дээр, гадаад, дотоод зарим тусгай худалдан авагчдад борлуулсан юм. БНХАУ-ын Хөх хотод болсон үзэсгэлэн яармагт оролцож зохион байгуулагчдаас өндөр үнэлгээ авснаас гадна авч очсон бүх бүтээгдэхүүнээ борлуулсан. Торомны “сэрмэн хайчилж, самнаж" бэлтгэсэн ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд хяргаж бэлтгэсэн ноосоор урьд өмнө үйлдвэрлэж байсан ижил төцпийн бүтээгдэхүүнүүдээсээ эрс ялгарч байв.
 
Хөх хотод болсон үзэсгэлэн худалдаандээрүзүүлсэн“Торомны тухай, түүний ноосыг сэрмэн хайчилж, самнаж бэлтгэх тухай, торомны ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тухай” богино хэмжээний баримтат киноноос ойлголт авсан Японы нэгэн бизнесмэн дараа нь Монголд ирж бидэнтэй уулзаж ер бусаар сэтгэл хөдөлснөө ярьсан юм.
 
Тэр бизнесмэн торомны ноосон бүтээгдэхүүнийг Япон, Европын орнуудын зах зээлд гаргах талаар хамтарч ажиллах санал тавьсан юм. Бид ажлынхаа үр дүнг олон нийтэд болон бэлтгэх, үйлдвэрлэх чиглэлийн мэргэжлийн хүмүүст таниулах, сурталчлах зорилгоор хэд хэдэн удаа хурал, семинар, загварын шоу зохион байгуулахад оролцсон ноос, ноолуурын салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын нэлээд нь 2016 онд тэмээний ноосыг “сэрмэн хайчилж, самнах” аргаар бэл-дүүлж авахаар тохиролцсныг энд онцолъё. Ингээд ч зогсохгүй тэдний зарим нь малчид, фермерүүдтэй хамтран ажиллах шийдвэр гаргасан юм.
 
Дэлхийд ховордсон хоёр бөхтэй тэмээнийхээ тоо толгойг өсгөх арга бол энэ технологийг нэвтрүүлэх. Ийм технологиор ноос бэлтгэхэд үйлдвэрлэгчид, хоршоодоос гадна орон нутгийн төр, захиргааны байгууллагууд идэвхитэй оролцож хүн хүч дайчлан ажиллуулж малчиддаа туслах шаардлагатай байгаа юм.
 
Өнгөрсөн онд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас баталсан тэмээний хяргаж бэлтгэсэн ноосны килограмм тутамд нь 1000 төгрөгийн, самнаж бэлтгэсэнд 2000 төгрөгийн урамшуулал тус тус олгох шийдвэр гаргасан нь малчдыг урамшуулсан, тэдний амьдрал ахуйд тус нэмэр болох маш зөв шийдвэр ч хоёрдмол утгатайгаасаа шалтгаалаад шинэ дэвшилтэт арга технологи нэвтрэхэд сөргөөр нөлөөлж байна. Энэ нь өнгөрсөн оны бэлтгэлийн үйл ажиллагаанаас харагдсан болно.
 
Тиймээс энэ оны бэлтгэлийн улирал эхлэхээс өмнө хяргаж бэлтгэсэн ноосонд олгох 1000 төгрөгийн урамшууллыг хасах хэрэгтэй байна. Тэгвэл малчид нэг зорилготой болж бүгд “сэрмэн хайчилж, самнаж" бэлтгэдэг болно. Хамгийн гол нь ингэснээр малчдын орлого эрс нэмэгдэнэ.
 
Томоохон судлаачид дэлхийн хүн амын өргөн хэрэгцээний ноос, ноолууран бараа бүтээгдэхүүн худалдан авах чадвар 40-60 ам.долларт багтдгийгтогтоосон нь бий. Тэмээний “сэрмэн хайчилж, самнаж бэлтгэсэн ноос"-ны үнэ ханш хяргаж бэлтгэснээсээ 2.5-3 дахин үнэтэй ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийх нь гадаад, дотоод зах зээл дээр борлуулах үнэ ханш сая дурдсан хэмжээнд багтаж байгаа юм. Тэгэхээр тэмээний “сэрмэн хайчилж бэлтгэсэн” ноосоор хийсэн бүтээгдэхүүнд ноолуурын өндөр үнэтэй бүтээгдэхүүнээс хавьгүй илүү зах зээл байгаа гэсэн үг.
 
Ямаа, тэмээ, сарлаг, хонь гээд бүх малын биеийн үсэн бүрхүүл нь үндсэндээ хялгас (сор) үс, завсар үс, ноолуур үс гэсэн гурван бүрэлдэхүүнтэй. Зах зээлийн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд эдгээрээс дан ноолуур үсийг нь ялгаж авах шаардлагатай юм. Өнөөдрийн байдлаар, бид ямааны ноолуурыг “Сэрмэн хайчилж, самнаж” бэлтгэснээрээ ноолуур үсийг нь бараг бүрэн ялган авч зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэмээнийх эхпэлийн байдалтай байна. Харин сарлаг, монгол хонь хоёрынхыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна.
 
Монгол хонины биеийн үсэн бурхүүл нь тэмээнийх шиг “туг” хэлбэрийн тогтоцтой хэдий ч үснүүд нь өөр хоорондоо ихээхэн ширэлдсэн, даахирсан байдаг. Иймээс "сэрмэн хайчлах, самнах” аргаар бэлтгэхэд хүндрэлтэй. Гэхдээ л үзэмчин, барга, алтай, дархад, баяд, сартуул болон Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудын, түүнчлэн Хөвсгөлийн аймгийн баруун талын сумдын хонины ноосыг “сэрмэн хайчилж, самнаж" бэлтгэх боломж олдоно гэж бид төсөөлж байна. Хамгийн гол нь дээрх хоньдын ноосны ноолуур үсний голч нь нарийн ноо,рт “хангай” хонь, тэмээ, сарлагийнхаас “нарийн" байдаг онцлогтой нь анхаарал татаж байна.
 
Хэрэв бид монгол хониныхоо ноосыг “сэрмэн хайчилж, самнаж" бэлтгээд, ноолуур үсний ширхгийн урт, түүний жигд бусыг хэвээр хадгалан хялгас, сор, завсрын үсний агууламжийг нь 1.5 хувь хүртэл ялгаж чадвал мөрөөдөл болоод байгаа сурагчийн болон хүчний байгууллагуудын ажилтны формын хувцасны материалыг, малчдад нэн шаардлагатай байгаа дээл, хувцасны даавууг нэг их хүндрэлгүйгээр үйлдвэрлэдэг болно. Энэ үед монгол хонины бэлтгэлийн ноосны үнэ одоогийнхоосоо 2-3 дахин өсч малчдын хонины ноосноосоо олох орлого эрс нэмэгдэнэ.


 
Г.Ёндонсамбуу (Монголын Ноос Ноолуурын Холбоо)
В.Болормаа, Ц.Алтанбат
(Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөл)