01.20

Ж.Гончигсүрэн: Бичин жил залууст амгалан, нялхас өвгөдөд ширүүхэн жил болно

XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилд манай улсын нийгэм, байгаль хийгээд хүмүүний үйл хэрэг, эрүүл мэндийн байдал хэрхэн буусан талаар Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, зурхайч Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.

-Жилийн ерөнхий төлөвийг гаргах зурхайн зурлага олон бий. Тэдгээрээс “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн өнгө шороон үхрийн зурлагаар хэрхэн гарсан бэ?

-Хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь, бие эрхтэн, махбодуудад үндэслэн гал бичин жилийн шороон үхрийг зураглавал, цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл ходоод нь улаан, шар шийртэй, амаа ангайсан, сүүлээ зүүн тийш шарвасан үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсч, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад яаравчлан гүйж явна. Жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар бороо, мөндөр ихтэй, халуун өвчин гарна. Жилийн сүүлээр ургац арвин авна. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно. Залууст амгалан, нялхас, өвгөдөд ширүүн жил болно. Ер нь зурлагад улаан өнгө давамгайлахаар ган, цагаан өнгө гарахаар мөндөр орохын дохио юм. Үүнээс харахад энэ жил ерөнхийдөө гантай жил болохоор байна.

-Энэ жил манай улсад гадаад болон дотоодын олон улсын чухал үйл явдал болно. Тэгэхээр та гал бичин жилд Монголын нийгмийн байдал ямар байх талаар дэлгэрэнгүй яриач?

-Нийгмийн байдал ямар байх нь Монголын гурван сая ард түмнээс шалтгаална. Хүмүүсийн бие, хэл, сэтгэлээрээ хийсэн үйлээс бүх зүйл хамаарна. “Хүн юу тарина, түүнийгээ авдаг”-тай адил юм шүү дээ. Түүнээс биш цаанаасаа“ингэнэ, тэгнэ” гэж тогтсон зүйл байдаггүй. Тиймээс монголчууд бид хамгийн гол нь эвтэй байх хэрэгтэй. Нэгнийгээ муу хэлэх нь өөрийгөө муугаар хэлүүлэхийн үүдийг нээгээд байгаа хэрэг юм. Нийтээрээ хараал ерөөлгүй, уур уцааргүй байвал бид ямар ч бэрхшээлийг даваад л гарна. Тэгэхээр хүмүүс ганцхан“би” гэдэг бодлоосоо салах хэрэгтэй байна. Юу үнэн гэхээр төрөх, өвдөх, үхэх үнэн шүү дээ. Хүний сэтгэлийг номхотгодог арга бурхны шашинд байдаг. Өглөг буян, тэвчээр, хичээнгүй, сахилга баттай байхыг хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй.

-“Бичин жилд зуд болдог” гээд хүмүүс нэг хэсэг ярилаа. Гэтэл бичин жил одоо л гарах гэж байгаа биз дээ?

-Хаврын урь орно гээд 24 улирлыг боддог аргачлал зурхайн ухаанд байдаг. Гал бичин жил ирэх хоёрдугаар сарын 9-нөөс эхэлнэ. Тэгэхээр энэ өвлийн цас орныг бичин жилтэй холбож тайлбарлах ёсгүй. Хонь жил дуусаагүй байна шүү дээ. Тэгээд ч бичин жил бүр зудтай, муу болдог уу гэвэл үгүй. Энэ жил “Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарах гэж байна. Тэгэхээр хүмүүс энэ нэрэнд нь ач холбогдол өгөөд“муу жил болно” гэж ойлгоод байгаа юм. Гэтэл “Муу нүүрт” гэдэг нь ерөөсөө л гал бичин жилийн оноосон нэр нь.

-Ер нь жарны зурхайг тооцоолон бодож байх явцад бичин жилийн ерөнхий өнгө төрх ямар гардаг вэ?

-Бичин жилд бусдаасаа ялгарах зүйл байхгүй. Ер нь байгаль, цаг уурын давтамжууд байгаа. Од эрхсийн байгаль, цаг уурт нөлөөлж байгааг зурхайн ухаанаар тооцоолж гаргадаг. Тэгэхээр жил орж, мэнгэ голлож байгааг зүгээр сууж байгаад хэлдэггүй. Үүгээрээ хүмүүст болгоомжтой, анхааралтай байх хэрэгтэйг хэлж буйгаас “Ингэхгүй бол заавал тэгнэ” гэсэн үг биш юм шүү дээ. Ихэр хүүхэд хэдийгээр ар араасаа төрдөг ч хоёр өөр хувь заяатай байдгийг ойлгох хэрэгтэй. Хүний хувь төөрөг төрсөн цагаараа ялгаатай байдгийг би номын багшаараа заалгасан.

-Энэ жилд хүмүүс гэрлэж болохгүй юм уу?

-Энэ худал зүйл. Бичин жилд хүн төрж, үхэж болохгүй гэсэн зүйл байдаггүй биз дээ. Үүнтэй л адил. Тиймээс бичин жилд хүмүүс гэрлэхэд буруу зүйл байхгүй. Жил бүрт Дашням, Балжинням, Дүвжиртэй өдөр байдаг.

-Дүвжир гэдэг нь ямар учиртай өдөр вэ?

-Жилийн хамгийн сайн өдрүүдийг ингэж нэрлэдэг гэж ойлгож болно. Жишээ нь, пүрэв гариг жил өдөртэй давхцахыг Пүрэвжалын Дүвжир гэдэг. Энэ өдрийг зурхайчид бодож олдог. Жишээлбэл, энэ жилийн шинийн дөрвөн Дүвжиртэй өдөр буюу бүтээлийн барилдлагатай өдөр байгаа. Дүвжир өдрийг бүтээлийн барилдлагатай өдөр гэж монгол хэлнээ хөрвүүлдэг.

-Жилийн заслыг зарим үед урьтаж хийлгэдэг. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Нашдүрсэм гэдэг зүйлээс шалтгаалдаг. Энгийнээр хэлбэл, гурван жилийн давтамжтай зүйл байдаг гэж ойлгоход болно. Жилийн дараа Нашдүрсэм нь таарч байвал эрэгтэй, эмэгтэй гэлгүй жил дагаж засал хийлгэдэг. Жилийн өмнө тэр гурван жил ирэх юм бол угтаж засал хийлгэдэг гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүн бүгд адилгүй.

-Энэ жил бар жилтэй хүмүүсийн харш жил гарч байна. Тусгай засал бий юү?

-Бар жилтнүүд төмөр бич өдөр бямба гаригт хийморийн буулттай байна. Хийморийн дарцаг хийсгэнэ. Бар жилтнүүд их харш жилийн засал хийлгэнэ. 1926, 1962, 1998 оны бар жилтнүүд мэнгэ голлосны засал хийлгэх хэрэгтэй. 1914, 1938, 1962, 1986, 2010 оны бар жилтэй эрэгтэй, эмэгтэйчүүд модон суудалд суусан байна. Энэ нь жилээ угтаж заслаа хийлгэнэ гэсэн үг. 1926, 1962 оны бар жилтэн суудлын гүмэгийн засал хийлгэнэ. Жагнаггадог уншуулах хэрэгтэй. Манайханд орчуулгын зөрүүнээс болоод нэг буруу ойлголттой болсон юм. Дөрөв дэх жилийг бага харш, долоо дахь жилийг их харш гээд ойлгочихсон. Өөрөөр хэлбэл, харш гэдэг үг нь орчуулгын алдаа юм. Үүнийг жилийн засалтай гэж ойлгох хэрэгтэй.

-Гучин гуравны мөчлөгийн үед ямар засал хийлгэх ёстой юм бол?

-Гучин гуравны мөчлөг орох, мэнгэ голлох зэрэг засал байдаг. Ер нь бол эдгээр нь суудлын засал юм. Энэ үед хүн бүрийн засал адил байдаггүй. Хүнээс асууж байгаад өөрт таарсан заслаа хийлгэх нь хангалттай байдаг. -Цагаан сараар суух суудлаа хүртэл бодож цэгнэх хэрэгтэй гэдэг. Хүмүүс гэрийнхээ аль зүгт, ямар дараалалтай суух нь зөв юм бэ? -Гэрийн эзэн баруун хойд зүгт суух хэрэгтэй. Харин эмэгтэйчүүд гэрийн зүүн талаараа суудаг ёстой. Мөн албан тушаалаар нь хүндэтгэн хүмүүсийг дээш залан суулгаж болдог. Өөрөөр хэлбэл, ах дүүсийн баяр учраас насны эрэмбээр хүндэтгэн суулгана гэж ойлгож болно. Энэ бол монголчуудын бичигдээгүй хууль юм.

-Шинэ сар эхэлсний15 хоног дотор гэрээсээ гарч болдоггүй өдөр гэж бий юү?

-Шинийн нэгэнд мөрөө гаргаад явчихсан юм чинь өдөр бүр л гарч болно. Тиймээс шинийн хоёр, гурванд гэрээс гарч болохгүй гэсэн ёс байхгүй. Харин хол газар явах гэж байгаа бол цээр гаргаад явж болно.

-Битүүлэх ёсны талаар мэдээлэл өгнө үү?

-Цагаан сарын урд өдрийг битүүн гэж нэрлээд байгаа юм. Энэ өдөр айл өрх гэр орноо бүрэн гүйцэд цэвэрлэсэн, идээ будаагаа бүгдийг нь бэлтгэж базаасан байдаг. Түүнээс биш битүүлнэ гэхээр тийм хоол иднэ, идэж болохгүй гэсэн зүйл байдаггүй. Юу байна түүгээрээ л зочилж, дайлах хэрэгтэй. Битүүнд хийдүүд Лхам хурдаг. Учир нь, энэ өдөр Лхам бурхан 3000 ертөнцөөр айл бүгдэд зочилдог гэсэн уламжлалтай юм. Тиймээс битүүний орой айлууд Лхам бурхны унаанд зориулан ундаа гэж үүдэндээ мөс цас тавьдаг уламжлал бий. Дээхнэ үед битүүлгийн идээ гээд айлууд хоорондоо солилцдог байсан. Одоо ч гэсэн энэ заншил үргэлжилж л байгаа.

-Зарим хүн битүүнд идээ будаагаа нар жаргахаас өмнө засах ёстой гэдэг. Битүүлэх ёсонд тийм зүйл бий юү?

-Ер нь нар жаргахаас өмнө амжаад л хийх ёстой. Гэхдээ нар жаргахаас өмнө заавал идээ будаагаа засах ёстой гэсэн ёс байхгүй. Ер нь энэ өдөр айл хэсэхийг цээрлэдэг. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо тэнүүчилнэ гэж үздэг. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэг гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэдэг. Түүний оронд нохойг цадтал нь сайн хооллох хэрэгтэй. Мөн амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэдэг. Угаадсаа ил задгай асгаж болдоггүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана гэдэг.

-Ямар хүнд хадаг барих ёстой юм бэ. Таван өнгийн хадаг бий. Аль тохиолдолд ямар өнгийн хадгийг сонгож хэрэглэдэг вэ?

-Эдийн дээд хадаг гэж ховор үнэтэй эд байсан байна. Ер нь хадгийг багш, ахмад настан гээд хүндтэй хүндээ өргөдөг байсан. Хадаг бол бас сэтгэлийн өглөг юм. Таван өнгийн хадгийг заавал тийм хүнд өгнө гэсэн тогтсон зүйл байхгүй. Ер нь шар хадгийг лам хүнд өгдөг гэдэг. Гэхдээ алийг нь ч өгсөн болохгүй юм байхгүй. Харин улаан өнгийн хадгийг хатуу үйлд хэрэглэдэг.

-Түвдэнпэлжээлин хийдийнхэн олон нийтийн ажил зохион байгуулдаг. Үүнийг цаашдаа жил бүр хийх үү?

-Түвдэнпэлжээлин хийдийн-хэн жил бүрийн хаврын дунд сарын16-ныг өглөг буяны өдөр болгон тэмдэглэж байхаар тогтож, хонь жил Чингэлтэй дүүргийн ахмад настан, амьдралын бололцоо тааруу200 хүнд хоёр сая гаруй төгрөгийн эд зүйл, хоол хүнс түгээж, сүсэгтэн олонд гүрэм заслын ном уншсан. Мөн байгалийн гамшгийн улмаас Балба улсад тохиолдсон уй гашууг хуваалцаж, хийдийн зүгээс нэг сая төгрөгийн хандив өргөж, Засгийн газрууд зөвшөөрвөл өнчин 20 хүүхдийг үүсгэн байгуулсан “Зээмаа” цэцэрлэгтээ өсгөж хүмүүжүүлэх санал дэвшүүлсэн юм. Уран бүтээлийн хувьд 1991 онд бүтээсэн“Монгол зурхай” баримтат киног орчин үеийн цомог хэлбэрээр дахин хэвлэсэн нь монгол уламжлал түүхэн хүмүүс, эрдэмтэн мэргэдтэйгээ дахин учирсан мэт сайхан мэдрэмж төрүүлсэн ажил боллоо.

-Зурхайн ухаанаар байгалийн сонин, содон үзэгдлийг тайлдаг. Энэ жил нар, сарны хиртэлт хэр олон болох бол?

-2016 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатарын цагаар 9.57 минутад нар бүтэн хиртэнэ. Гэхдээ энэ нь манай улсад харагдахгүй. Мөн гуравдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 17.39 цагт сарны гүүмгэр хиртэлт эхлэн 21.55 цагт дуусна. Манай улсын нутгаас байгалийн энэ үзэгдлийг ажиглах боломжтой. Мөн есдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатарын цагаар 17.07 цагт нар цагирган хиртэнэ.Гэхдээ энэ үзэгдэл бидэнд бас харагдахгүй. Ер нь энэ жил нарны цагирган хиртэлт хоёр удаа болно. Сар гүүмгэр байдлаар гурван удаа хиртэнэ.

Шинийн нэгний өдөр цээрлэх зан үйл:

-Энэ өдөр гол, горхи, булаг шанднаас ус авах

-Үйл мэтгэх оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөх

-Эд юм зээлээр өгөх

-Уйлах, хэрэлдэх

-Биедээ мэсний зүйл авч явах

-Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаях

-“Бэлгэ дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж, араатан амьтны амь таслах

-Эхнэр нөхөр хоёр хоорондоо золгох

-Архи ууж, агсам согтуу тавих, ёс жаягийг зөрчихийг цээрлэнэ.

 

Б.Сэлэнгэ