01.21

Б.Болормаа: “Моннис” компаниас болж олон хүн хохирч байна

-“ШИНЭ ОЧИР”,  “ТЭГШ ПЛАНТ” КОМПАНИУД БИДНИЙ ГЭР ЛҮҮГЭЭ 
ОРОХ, ГАРАХ ГАРЦЫГ ХААЧИХСАН-

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, газраа чөлөөлж өгсөн Баянзүрх дүүргийн өрхүүд хүндхэн амьдарч буй талаар иргэд мэдээлсний дагуу газар дээр нь очиж сурвалжиллаа. Иргэдийн төлөөлөл болгож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Консулын 16-гийн 424 тоотод оршин суух хаягтай, одоо тус дүүргийн 16 дугаар хорооны Данзангийн 1-24 тоотод амьдарч буй иргэн Б.Болормаатай ярилцсанаа хүргэе. Түүний амьдарч буй 0.5 га орчим газрыг тал талаас нь шахаж, хоёр ч өндөр барилга барьжээ. Хамгийн аймшигтай нь гэрийнх нь баруун хажуугаар 10 мянган вольтын шугам татаж, мөн цахилгаан станц барьсан аж.    

-Танд ямар асуудал тулгараа вэ?

-Миний одоо амьдарч байгаа газар манай нөхөрт байгууллагаас нь өгсөн газар. Би энэ газарт 2003 оны 10 сараас эхэлж амьдарсан. 2008 оны зургаан сард эзэмших гэрчилгээ гарсан. 2011 оны гуравдугаар сарын 29-нд байна уу шийдвэр нь гараад, мөн оны 4 сард өмчлөлийнхөө гэрчилгээг авсан. Гэтэл манайтай яг залгаад “Шинэ очир” компани барилга барьж эхэлсэн. Өглөө гараад, орой ирэхэд гэр лүүгээ орох ямар ч нөхцөлгүй болгосон байсан. Яагаад ингэж байгааг асуутал тус компаний захирал ямар ч үг хэлэлгүй байж байгаад яваад өгсөн. Бид бүтэн гурван жил хоёр айлын хашаа дамжиж, гэртээ орсон.

-Танайтай залгаж барьсан барилга ямар зориулалтаар баригдсан юм бол?

-Тагнуулын ерөнхий газрын 72 айлын орон сууц. Тагнуулын байгууллагаас та нар барилгын хажууд аюултай нөхцөлд амьдарч байна шүү гэж анхааруулж байсан. Бидэнд өөр очих газар байхгүй учраас эндээ амьдарсаар байна. Энэ хажуугийн барилга “Тэгш плант” компанийх, 2011 оны наймдугаар сараас эхэлж баригдсан. Мөн л бидний гэр лүүгээ орох, гарах гарцыг шууд хаасан. 2013 оны 10 сарын аравдаар ажлаа тараад иртэл манай газарт газар шорооны ажил хийгдээд, кабелийн шугам хөглөрсөн байсан. Маргааш нь ажилдаа яваад, өдөр ирээд асуухад “Танай нөхөр чинь цахилгааны шугам татахыг зөвшөөрсөн” гэсэн. Нөхөр маань зөвшөөрөөгүй байсан.

-Нийслэлийн холбогдох албаныханд хандсан уу?

-Манай нөхөр 10 сарын 18-нд ажлаа тарж яваад хөлөө хугалаад, сар гаруй бид гэмтлийн эмнэлэгт хагалгаа, эмчилгээ хийлгэсэн. Эмнэлгээс гаргаад, би нийслэлийн захирагчийн алба руу гомдол мэдүүлсний мөрөөр 2013 оны 11 сарын 18-нд байх Дэд бүтциййн хэлтсийн мэргэжилтэн Даваасүрэн, НМХГ-ын улсын байцаагч Цагаанцоож гэдэг хүмүүс газар дээр нь үзэж шалгаад “Танайх эрчим хүчний онц аюултай бүсэд амьдарч байна, танай өмчлөлийн газар дээгүүр цахилгааны шугам тавьсан нь 100 хувь буруу, асуудал танай талд шийдэгдэнэ. Намайг ярьтал хэнд ч битгий дахиж хандаарай гээд явсан ч  сураггүй болсон. Би Даваасүрэн гэдэг хүнтэй очиж дахин уулзахад “Чи албан ёсоор гомдол өгөөгүй учраас надад шалгах эрх байхгүй. Одоо гомдлоо бичиж өг” гэсэн. Энэ мэтчилэн төрийн албан хаагчдын буруугаас өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй яваа. Манай нөхөр 2014 оны 9 сарын 11-нд нас барсан. Түүнээс хойш би өөрийнхөө шугамаар албан газруудад гомдол тавьж явсан. Мэргэжлийн хяналтынхан шүүх, хуулийн байгууллагад ханд гэсэн. Хаана хандах учраа олохгүй явсан. 2015 оны 12 сарын 28-нд энэ газрын өмчлөх эрхийн гэрчилгээг охиныхоо нэр дээр шилжүүлж, кадастрын зургаа авах гэтэл манай газрын 80 хувь нь эрчим хүчний хязгаарлалтын бүсэд орчихсоныг мэдсэн. Хэзээ хөөхийг нь би мэдэхгүй.

-ЦАХИЛГААН СТАНЦЫН 10 МЯНГАН ВОЛЬТЫН ШУГАМ 4-5 АЙЛЫН 
ГАЗРЫГ ХАМАРСАН БАЙНА-

-Хажуугийн жижиг цахилгаан станцыг хэдийд барьсан юм бэ?

-2011 оны 11 сард байшинг нь хоригдлуудаар бариулж эхэлсэн юм. 2012 онд ашиглалтад орсон.

-Тухайн үед нь холбогдох албаныханд гомдол санал гаргаагүй юм уу?

-Яг тэр өвөл бид хүйтэн байсан учраас хотын төвд айлын байранд өвөлжөөд, хавар нь ирэхэд энэ цахилгаан станц ашиглалтад орчихсон байсан. Шугам сүлжээнийхнээс асуухад “Хаалттай станц учраас та нарт нэг их нөлөөлөхгүй” гэсэн хариу өгсөн. Манай урагшаа 10-аад айл бий. Бид хаашаа хандахаа мэдэхгүй, бүгдээрээ хохирсон. Энэ станцын 10 мянган вольтын шугам 4-5 айлын газрыг хамарч тавигдсан байгаа. Ноднин Эрчим хүчний яам, Улаанбаатар шугам сүлжээний газраар очиж асуухад “Улсын чанартай барилга байгууламж баривал оршин суугчидтай нь ярьж тохиролцдог. Үнэ хөлс тохирч нөхөн олговор олгодог. Хувийн өмч учраас бид хариуцахгүй. Та нараас зөвшөөрөл авсан гэж хэлсэн учраас бид зөвшөөрөл олгосон. Хуулийн байгууллагаар яв” гэсэн хариу өгсөн.

-Барилгын компаниудаас танай өмчлөлийн газрыг авах санал тавьсан уу?

-2014 оны наймдугаар сарын 10-даар тус компанийхан “Барилгаа эхлээд бариад, дараа нь газрыг чинь авъя” гэж хэлсэн. Ажил явдал гараад, хэдэн сарын дараа тус компаний захиргаан дээр очиж Батбилэг гэдэг хүнтэй уулзсан. “Манай гурван айлын газрыг авна гэснээрээ авах гэж байна уу. Цахилгааны шугам тавигдсан гээд зарж борлуулжболохгүй байна. Яах вэ” гэхэд “Яахараа манай компани авдаг юм бэ, үгүй” гэсэн хариу өгсөн.

-Та хууль хяналтын байгууллагад хандсан уу?

-Одоо хуулийн дагуу шийдүүлэхээр явж байна. Бид “Шинэ очир” компанид үнэхээр гомдолтой байна. Барилгын ажил дураараа эхлүүлж, дээрээс нь бидний орох гарах газрыг хааж, хашаа хороог эвдэлж хаян, засч янзалж өгөхгүй байгаа. Энэ 72 айлын орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй, гэтэл айлууд нь ороод эхэлчихсэн. “Тэгш плант” ч ялгаагүй. Эдгээр компаниуд барилгын хаягдал хогуудаа эзэнгүй айлын хашаанд асгадаг. Манай хашаа битүү барилгын хог болсон байсан. Янзлаад өг гэсэн, долоон сараас хойш яг л байдгаараа. Одоо хүртэл гэр лүүгээ чөлөөтэй орж, гарч чадахгүй л байна. Миний энэ амьдарч байгаа газар эрчим хүчний хязгаарлалтын бүсэд орсныг би 2016 оны нэгдүгээр сарын 6-нд өвлөх эрхийнхээ гэрчилгээг хөөцөлдөж яваад мэдсэн.

-ХӨРӨНГӨ МӨНГӨ БАЙХГҮЙГЭЭС БАРИЛГЫН АЖИЛ ЗОГСЧЭЭ-

-10 мянган вольт гэдэг тоглоом биш. Аюултай ойрхон амьдарч байхаар өөрийн хаяг дээрээ буувал дээр юм болов уу?  

-Гэр хорооллын дахин төлөвлөлт дагуу “Моннис” компанитай 2014 оны нэгдүгээр сард гэрээ хийгдсэн өдөр бидний бүх үл хөдлөхийн гэрчилгээг хураагаад авчихсан. 2014 оны дөрвөн сард газраа чөлөөлж нүү гэсэн. Бид дөрөвдүгээр сарын 5 гэхэд газраа чөлөөлж өгсөн. Тэрнээс хойш, 2015 оны таван сар хүртэл гурван талт гэрээ хийгдээгүй. “Моннис” компанийн Ариунтунгалаг менежер лүү нь утасдаад, гурван талт гэрээгээ хийж, албан ёсоор баталгаажуулъя гэж шаардаж, гэрээгээ хийсэн. Гэвч танай дүү гарынхаа үсгийг зурахгүй байна гээд гэрээг минь өгөлгүй есөн сар хүргэсэн. Би очиж тус компаний ажилтан Болорсувдтай уулзахад бидний гурван талт гэрээг канондож өгсөн. Өнөөдрийг хүртэл гэрээгээ эх хувиар нь хараагүй л явна. Тэгээд Гэр хороолол хөгжлийн төв дээр очиж Ганхуяг, Баярмөнх нартай уулзаж “Миний гэрээг өгөхгүй байна” гэдгийг хэлсэн.

-Ямар хариу өгсөн бэ?

-Нэгдүгээр сарын 6-нд Гэр хороолол хөгжлийн газраас Ганхуяг дарга, “Моннис”-ээс Ариунтунгалаг, манай дүү Галбадрах нар гурван талаасаа уулзалт хийсэн. Ганхуяг дарга наад айлынхаа асуудлыг шийд. Гэрээг нь хийгээд, манайд материалыг нь өг гэсэн. Гэрээнд нэмэлт оруулах шийдэлд хүрээд байгаа.

-Та бүхний чөлөөлж өгсөн газар дээр одоо барилга баригдаж байгаа юу?

-2014 оны дөрвөн сараас эхэлсэн барилгын ажил 10 сар хүртэл явагдсан. Нэг барилга нь гурван давхар, нөгөө барилга нь таван давхар хүртэл баригдаад, 2014 оны 10 сараас хойш 2015 оны есөн сар хүртэл яг зогссон. Нийслэлээс “Инженерийн шугам сүлжээ хийгдэж байгаа. Барилгын ажил явагдаагүй” гэж тайлбарласан.

-“Моннис”-ын удирдлагууд болон холбогдох албаныхантай уулзсан уу?

-Очиж уулзах гэхээр байхгүй байна гээд оруулахгүй, хүлээж авдаггүй. Компанийх нь ажилчид хөрөнгө мөнгө байхгүй, хөрөнгө мөнгө шийдэгдээгүй учраас барилгын ажил явагдахгүй байгааг хэлсэн. Дээрээс нь айлуудынхаа түрээсийн мөнгийг өгөхгүй хохироож байна. 2015 оны 7, 8 сараас хойш түрээсийнхээ мөнгийг авч чадаагүй айл зөндөө байна.  30, 40-өөд хүн түрээсийн мөнгө өгөхгүй байна гэж гомдол хэлдэг. Тиймээс 2014 оноос газраа өгөөд хохирсон иргэд хороон дээрээ цуглаж Түр хороо байгуулсан.

-Түрээс гэдэг нь?

-Барилга баригдаж дуустал түр оршин суух газрын түрээс. Өрхөд амьдарч буй хүн амаасаа шалтгаалж, 5-аас дээш ам бүлтэй айлд сар бүр 700 мянга, 5-аас доош ам бүлтэй айлд 500 мянгыг өгөх гэрээ хийхээр анх тохиролцсон. 2014 ондоо айлуудын мөнгийг сар бүрийн 700 мянгаар бодож бүрэн бодож өгсөн.

-Нийт хичнээн айл байдаг вэ?

-14 дүгээр хорооны дахины төлөвлөлтөд орсон 125 айл бий. 10-аад айл нь арилжааны гэрээ хийгээд явсан.

-Түрээсийн мөнгөө авч чадахгүй үлдсэн айлууд одоо хаана, хэрхэн амьдарч байна вэ?

-Миний мэдэхээр, иргэдийн ирүүлсэн гомдлоос харахад “Моннис” түрээсийн мөнгөө өгөхгүй байгаагаас байрнаасаа хөөгдөөд байна, юу л боломжтой байна бүгдийг нь ломбардад тавиад, банкинд зээл тавиад, түрээсийнхээ мөнгийг арай гэж өгч байна. Зарим нь хамаатан садныдаа, мөнгөө нэхүүлээд явж байгаа. Он гараад Тэгшээ гэдэг залуу “Байрны мөнгө нь орж ирэхгүй байна, байрнаасаа хөөгдөөд байна гэж ярьж байсан. Өнгөрсөн наймдугаар сард хөөгдчихлөө, гудамжинд гарчихлаа гэж “Моннис”-той хэл ам хийж явсаар он дуусталх мөнгөө аваад, 12 сард мөнгө нь дуусчихсан, одоо айлаасаа хөөгдөөд хаачихаа мэдэхгүй яваа сурагтай. “Моннис” компаниас болж олон хүн хохирч байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ