Цагаан сар, шинэ жил, Улсын баяр наадам зэрэг томоохон баяр ёслолыг угтан үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүний хямдралтай үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс бараа бүтээгдэхүүнээ нэг газарт төвлөрүүлж, хэдэн төгрөгөөр ч болов хямдралтай худалдаалах учиртай. Гэтэл сүүлийн үед хямдралтай үзэсгэлэн худалдаа утга агуулгаа алдаад байх шиг. Хямдрал нэрийн дор барааныхаа үнийг өмнө нь худалдаалж байснаасаа хэд дахин нэмж борлуулдаг жишиг тогтжээ. Сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэлийн бараа, хүнсний бүтээгдэхүүнээс бүрдсэн “Үндэсний үйлдвэрлэл-2016” үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо” төвд зохион байгуулж байгаа юм. Эндээс хямдралтай бараа болон хүнсний бүтээгдэхүүнээс сонголтоо хийхээр зорилоо. Үзэсгэлэнд цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, үндэсний хувцас, малгай, бүс, даалин хөөрөг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал болон гэр ахуйн барааг дэлгэн тавьжээ. Хачирхалтай нь, үнийн хувьд хямдралтай бус харин ч бусад дэлгүүр, зах зэрэг үйлчилгээний төвд борлуулдаг үнээс үнэтэй харагдаж байв. Жишээлбэл, сүүн ааруул нэг килограмм нь 20 мянган төгрөгийн үнэтэй байв. Ийм ааруул“Бөмбөгөр” худалдааны төвд 15 мянган төгрөг байх жишээтэй. Энд зөвхөн сүү цагаан идээний жишээ татлаа. Энэ өнгөлөн далдалтыг анзаарсан хэн нэгэн байхад мэдэхгүй нь хямд гэсэн үгэнд итгэж худалдан авалт хийдэг. Энэ мэтчилэн хямдрал нэрийн дор иргэдийг төөрөгдүүлж байна.
www.unen.mn