Жүжигчин М.Баярмагнай сүүлийн үед залилагч нэр зүүгээд буй. Түүнийг хүнээс 100 сая төгрөг зээлж аваад буцааж өгөлгүй жил болсон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих болсон.
Тэгвэл тэрбээр энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. М.Баярмагнайгийн ярьснаар тэрбээр 2014 онд байраа шинэчлэхээр болж, хуучин орон сууцаа нутгийн дүүдээ худалджээ. Харин байрыг нь худалдаж авахаар болсон залуу 100 сая төгрөгийн урьдчилгааг түүнд өгч, үлдсэн мөнгийг нь банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсоноор эл асуудал мандсан гэнэ.
Тодруулбал, байранд нь жил гаруй амьдарсан нутгийн дүү нь зээл нь бүтэхгүй гэх шалтгаанаар байраа буцаахаар болж, өмнө нь өгсөн урьдчилгаа мөнгөө нэхжээ.
Харин М.Баярмагнай 10 сая төгрөгийг нь жил байранд нь суусны төлбөрт суутгаад, шинэ байраа барьцаалж, өөрт байсан мөнгөө нэмэрлээд 60 сая төгрөгийг нь шилжүүлжээ.
Харин үлдсэн 30 сая төгрөгөө удаахгүй өгөхөө хэлсэн гэлээ. Гэвч нутгийн дүү нь жүжигчинг хуурамч бичиг баримт бүрдүүлэн шүүхэд өгч, улмаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр хүндийг нь унагахаар оролдож эхэлсэн гэнэ.
Энэ талаар М.Баярмагнай ”Би хэзээ ч хулгай хийж, луйвар хийж амьдрахгүй. Эцэг, эх маань багш мэргэжилтэй хүмүүс намайг ийм зүйл хийхээр хүмүүжүүлээгүй.
Би сарын хугацаанд мөнгө төгрөг олдохгүй болохоор нь машин барьцаалаад, надад байдаг хашаа байшинг зарахаар мөнгийг чинь өгье гэсэн. Гэтэл намайг 100 сая төгрөг луйвардан авсан хэмээн шүүхэд хандсан байна лээ.
Би ч шүүхэд очин болсон явдлыг хэлж, мөнгө шилжүүлсэн баримтаа үзүүлсэн. Гэтэл 2014 онд манай байрыг авахдаа надад урьдчилгаа болгон өгсөн 100 сая төгрөгөө Баянхонгороос хүнээс таван хувийн хүүтэй зээлж авсан байна билээ.
Миний нэрээр болгосон энэ баримтаа хуурамчаар нотариатаар батлуулсан бөгөөд уг баримтаа шүүхэд өгсөн нь илэрсэн юм.
Уг хүнд одоо эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн болон хувь хүний нэр төрд халдсан хэрэг үүссэн” гэжээ.
www.news.mn