01.25

Олны үг ортой эсэхийг шалгалаа

Өнгөрөгч онд Засгийн газраас үүрэг болгосны дагуу төрийн албаны дарга нарын том оврын болон бензин их зарцуулдаг машинуудыг хураахаар болсон билээ. Оны өмнөх байдлаар төрийн өмчит 757 байгууллага 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврынх юм. Өнгөрсөн онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж буй нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум, шатахуунд  16.3 тэрбум, сэлбэг хэрэгсэлд 5 тэрбум, жолоочийн цалинд 25 тэрбум, нийт 50 тэрбум төгрөг зарцуулжээ.

Төрийн байгууллагуудын дарга нар “Ланд 200”, “Лексус 470”, “Бенз” зэрэг машинууд унадаг. 2013 оны автомашины ашиглалтын зардалд 19 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Үүнээс зөвхөн шатахуунд 13 тэрбум төгрөг зарцуулжээ. Сүүлийн гурван жилд гэхэд нийтдээ 197 автомашинаар төрийн албаныхан парк шинэчлэлт хийсэн гэх албан бус тоо бий.

Нэг машины үнэ дунджаар 85 орчим сая төгрөг гэж тооцвол нийт 16.7 тэрбум төгрөгийн төсвийг зөвхөн дарга нарын машины зардалд олгодог байсан. Ингээд дарга нарын жийп машинуудыг хурааж эхэлсэн бөгөөд албаны хүний хэлснээр “Орон нутаг, хилийн боомтууд руу буюу орон нутгийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хилийн заставуудад тараасан” гэж байв.

-ДАРГА НАРЫН МАШИН ДАРГА НАРТ ОЧСОН УУ

Нийслэлээс хураасан дарга нарын машин хөдөө орон нутгуудад, тэр дундаа алслагдсан аймгуудын онцгой албадад очно гэж байсан ч үгүй бололтой. Тухайлбал, Хөдөлмөрийн яамны дэд сайдын “Ланд 200” жийп машин Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэнд очжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Таныг “Ланд 200” маркийн машинтай болсон талаар иргэдээс мэдээлэл ирсэн юм. Нийслэлд хураасан дарга нарын машин мөн үү?

-Өнгөрөгч онд нийслэлд хурааж авсан дарга нарын машин гэдэг нь үнэн. Хөдөлмөрийн яамны дэд сайдын машиныг Увс аймгийн баруун бүсийн эрчим хүчинд хуваарилж өгсөн юм. Тэрнээс би өөрөө худалдаж авах мөнгөгүй. Засаг даргаар ажиллахдаа ганц л “Ланд 105” машинтай байсан. Тэрэнтэйгээ л байгаа. Баруун бүсийн эрчим хүчнээс хэрэг болохоор авч унадаг юм.

-Таньд хуваарилж өгөөгүй юм байна тийм үү? Аймагт хэрэгцээ шаардлага гарвал авч унаж болно гэсэн үг үү?

-Би шаардлага гарвал л авч унаж байгаа. Түүнээс надад хуваарилж өгөөгүй” гэв.

Нийслэлд хураагдсан дарга нарын машинууд одоогоор аль аль аймгуудад, хаана хуваарилагдсан талаар эх сурвалжууд мэдээллээгүй юм. Хэрвээ үнэхээр дарга нарын машиныг хурааж, аваад хэрэгцээт албанд нь хуваарилж өгөөгүй бол дуудлага худалдаагаар оруулмаар юм.

Түүнчлэн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу дарга нарын машиныг хурааж байхад зарим аймгийн ИТХ-ын дарга нар болон засаг дарга нар унаж буй жийпнийхээ тоог нэмж байгаа сурагтай. Нэгдсэн журмаар эхлүүлсэн ажлаа дуусгаж, үр дүнг нь олон нийтэд тайлагнадаг байхгүй бол энэ мэтээр шийдвэрүүд нь гурав хоног л мөрдөгдөөд алга болох жишээтэй байна.

www.medee.mn

Т.БАТСҮРЭН