04.03

Тэдэн шиг хүн олон болоосой

Жүжигчин М.Ундармаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд сайн санаат хүмүүс, компаниудыг нэгтгэж эмнэлгүүдийн хүлээлгийн танхим болон өрөөг тохижуулсан билээ. Авьяаслаг жүжигчин маань энэ удаад өвчтөний сахиуруудад зориулж Хавдар судлалын үндэсний төвийн хүлээлгийн хэсгийг стандартын дагуу тохижуулахаар болжээ. Гэхдээ тэрбээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай хамтрахаар болсон байна. Сэтгүүлчийн ээжийгээ аюулт өвчнөөр алдсаныхаа дараа бичсэн “Сүүлчийн нийтлэл” -ийг уншсан хүмүүс түүнд хандив өгснөөр ХСҮТ-ийн мэс заслын явцыг эмч, оюутнуудад зориулан шууд дамжуулдаг болгож өгчээ. Л.Мөнхбаясгалангийн нийтлэлийг уншаад М.Ундармаа аавыгаа алдсан цаг үеийг эргэн санасан аж. Улмаар тэд тус тусдаа сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулснаас хамтдаа хийвэл илүү үр дүнд хүрч болохыг ойлгожээ. Жүжигчин бүсгүй энэ тухай сэтгэгдлээ фэйсбүүк хуудастаа бичиж, сайн үйлсийн төлөө хамтран ажиллахыг цахим ертөнцийн найзууддаа уриалсан байна.