Олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг баривчиллаа. “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид дүүрэг дамжин гэр хороолол, айл өрхүүдийн эд зүйлсийг бүлэглэн хулгайлдаг хэргийг илрүүлэн гэмт этгээдүүдийг баривчлан саатуулаад байна.
Иргэн Г, Б, Б гэх этгээдүүд нь Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн наран орчим, Чингэлтэй дүүргийн 7-р хороо зурагтын хуучин эцэс, Сонгинохайрхан дүүргийн 32-н арын гэр хороолол орчмоор нийтдээ 18 гэмт хэрэг үйлдсэн байна. Уг этгээдүүд нь айлын хаалганы цоожийг хөшиж, вакум цонх түлхэх зэрэг аргаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийж 10 орчим зурагтыг иргэн Б-д зарж борлуулсан нь тогтоогджээ. Ихэвчлэн захын гэр хороолын айлаас хулгай хийсэн байна. Мөн өвлийн улиралд иргэд зуслангийн газраа хараа хяналтгүй удаан хугацаагаар орхиж явдаг тул орон байрны хулгай их гарч байна.
Иргэд та бүхэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоогоо сайжруулж хамтарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


www.TOP.mn