Шарга, Хүйсийн говийн нутгаар цочир хүйтрэл болж, цасны зузаан нэмэгдэж, хар сүүлт зээр, монгол бөхөн хорогдол гарч байгаа талаар Говь-Алтай аймгийн сумдын байгаль хамгаалалч нар мэдээлэл ирүүлжээ. Үүний дагуу дээрх нутгуудаар тус аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд 2016 оны 1 сарын 28-31-ны хооронд танилцаж ажилласан байна.
Шарга, Хүйсийн говийн нутгуудаар цасны зузаан сүүлийн 5 жилийн дунжаас 2-3 дахин их буюу 14-17 см, битүү цасан бүрхүүлтэй, ажиллах үед өдөртөө 25-30 хэм хүйтэн, шөнөдөө 40-46 хэм хүйтэн хонож байжээ.
Байгаль хамгаалагчдын ярьж байгаагаар энэ жил идэш багатай, шөнөдөө хүйтэн ойрын 10 жил болоогүй хүйтэн өвөл болж байгаагаас хар сүүлт зээр, бөхөн ихээр хорогдож, айлын хот бараадан ирж осгож үхсэн байдалтай тааралджээ.
Шаргын говь, Халиуны хоолой, Төгрөгийн хүрэн гол орчимд зээр идэшгүй, харгана бутны толгой шагшуургалсан байгаагаас болж зээр бээрсэн байдалтай явж чадахгүй болж хөшсөн, мөн хэвтэр дээрээ хөлдөж үхсэн амьтад 20 гаруй тааралдсан байна. Хар сүүлтийн ооно, цагд /янзага/ ихээр хорогдож байна. Иймд аймаг орон нутгийн зүгээс яралтай дээрх газруудад биотехникийн арга хэмжээ авах зардлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолжээ.


www.time.mn