02.02

Каори Ичо: Риод хариугаа авна

ОХУ-ын Красноярск хотноо болсон домогт бөх И.Ярыгиний нэрэмжит Гран При тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд манай П.Орхонд ялагдаж, 13 жилийн дараа ялагдал гэдэг юмны амтыг ахин амссан Японы бөх Каори Ичо эх орондоо харихад Нарита буудал дээр сэтгүүлчид шаван хүлээж байлаа. 

Каори тэмцээний талаар ярихдаа “Өрсөлдөгч маань хүчтэй байсан гэхээсээ илүү би сулхан байлаа. Том туршлага болж өгсөн. Энэ туршлагаа ашиглан, Риогийн олимпийн наадамд хариугаа авахыг хичээх болно. Тэр намайг маш сайн судалсан байлаа. Энэ ялагдлыг хэрхэн давж гарахаас их юм шалтгаална. Би улам хүчтэй болох ёстой” гэж ярьлаа. Ялагдлын гол шалтгаан нь ялж түрүүлэхийг зорилгоо болголгүй барилдааныхаа агуулгад анхаарлаа хандуулснаас болсон гэлээ. “Ялагдсан ч хамаагүй гэж шийдээд өөрөө довтолж барилдсан” гэж тэр хэлсэн юм. 

Каоригийн хамгийн сүүлийн ялагдал нь 13 жилийн өмнө дунд сургуулийн сурагч байх үед нь тохиолдож байжээ. Үнэхээр ч зайгаа барин өрсөлдөгчөө дарамтлан ялдаг Каори тэр барилдаанд өөрөө довтлон, мэх хийхдээ хариу мэхэнд орон оноо алдсаар байсан билээ. П.Орхонтой барилдахдаа хүзүүгээ гэмтээж, гар нь чилээд хөдөлж өгөөгүй гэнэ.

“Эхний хагаст барилдаан ер болж өгөөгүй. Сүүлийн хагаст байдлыг засах гэж оролдоод бүтээгүй. Өөрөө довтолж, барилдана гэсэн бодол маань хэт хүчтэй байлаа. Хөлд орох гэж оролдоод ч болоогүй. Барилдааны голоос довтлохоо больж, ялахын тулд барилдах гэж оролдсон ч чадаагүй. Би өөрөө барилдаж байгаа биш юм шиг хачин сэтгэгдэл төрөөд. Анх удаагаа ийм юм болсон болохоор их гайхсан. Харамсалтай гэхээсээ илүү гутарсан сэтгэл төрж байна. Бэлтгэл дутуу байлаа” гэж яриад  дараалсан ялалт нь 189 дээр тасалдсан ч рекорд амжилтыг тоохгүй байгаа гэдгээ ярьлаа. Амьдралдаа хоёрхон удаа л хүртсэн гэх мөнгөн медалиа хүзүүндээ зүүсэн чигээрээ “Харах болгонд харамсах сэтгэл төрүүлэх учиртай энэ медалиа нандигнан хадгалах болно. Шагнал гардуулах ёслол болж байхад ч ялагдлынхаа шалтгааныг хайж бодож байлаа. Цаашдаа ч үр дүнгээс илүү барилдааны агуулгадаа анхаарна.

Багш дасгалжуулагчтайгаа ярилцаж, зөвлөлдөн яаж бэлтгэл хийхээ шийднэ. Риогийн олимпийн өмнө амжих уу, үгүй юу гэдгээ сайн мэдэхгүй л байна. Гэхдээ Риод бол агуулгаас илүү ялахын төлөө л барилдана” гэж мэдэгдсэн юм. Энэ сарын 17-21-нд Тайландад болох Азийн аваргын тэмцээнд оролцохоор зэхэж байсан ч одоохондоо зодоглох эсэх нь тодорхойгүй байна. Японы хэвлэлүүд “Каори Ичод харамсаж, гомдоллон суух цаг алга, тэрбээр жинхэнэ чөлөөт бөх, үлгэр жишээ барилдааныг хайх аянд гарлаа хэмээн бичиж байна. 

www.time.mn