Холливудын од Леонардо Ди Каприо Оросын алдарт хүмүүсийн дүрийг дэлгэцнээ мөнхрүүлэх хүсэлтэй байгаа талаар манай сайт өмнө мэдээлсэн. Энэ тухай мэдээ дэлхий дахинаа түгмэгц Лео бөөн саналд дарагджээ.
Харин Лео олон саналын дундаас дотны найз Мэтт Дэймоны киног сонгон авсан сурагтай. "Knights Bridge Entertainment" кино компаний бүтээх энэ киноны ажлын нэр нь "Путин". "Knights Bridge Entertainment" компаний топ менежер Валерий Саарян энэ талаар "Энэ яг баримтат кино биш, харин улстөрийн триллер байх юм" хэмээжээ.
Хүн домог буюу КГБ-н офицер хэрхэн Ерөнхийлөгч болсон түүхийг тус кинонд өгүүлэх аж. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн болох Путины хувийн амьдралыг ч кинонд дэлгэн харуулахаар зэхжээ. Гэхдээ энэ кино уран сайхны талдаа түлхүү байх учраас Путинтэй хэлэлцэж тохирох шаардлагагүй гэж зохион байгуулагчид ярьсан байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг дүрд тоглохоор болсноо Лео өөрөө мэдэгдсэн ч харин тус компани амандаа ус балгасан мэт энэ талаар дуугүй байгаа нь хачирхалтай. Түүнчлэн бусад дүрийг хэн бүтээх нь тодорхойгүй байгаа аж.
Гэхдээ "Knights Bridge Entertainment" компаний мэдэгдэлд "Дэлхийн хэмжээний 4 од энэ дүрийн төлөө өрсөлдөж байна. Продюсер нь Марк Дэймон байх бөгөөд найруулагч нь 2 ч Оскартай алдартан" хэмээжээ.
Киноны зураг авалт 2016 оны хавар эхлэх ба 2017 онд дэлгэцнээ гарна. Зураг авалт Орос, АНУ, Европт явагдах аж.
www.mnews.mn