Рэппэр Женни хэмээх нэрээрээ залуусын дунд танил болсон, Б.Дуламсүрэн Монголын цөөн хэдэн эмэгтэй рэппэрийн нэг. Түүний хувьд рэп, хип хопд нэлээд эртнээс дурласан гэдэг бөгөөд 2000 оноос дуулж эхэлсэн аж. Тэгвэл рэппэр бүсгүй анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Энэ тухайгаа тэрбээр “Би Австралийн “Mongolian bling” гэдэг баримтат кинонд Gee, Quiza нарын хамт гардаг юм. Тэр кино 2013 онд дэлхийн 20 гаруй оронд нээлтээ хийсэн юм билээ.
Киног маань үзсэн хүмүүсээс санал их ирдэг. Нэгдүгээр сард Хавайгаас ирсэн Кахи гэдэг хүн надад тоглолтыг минь хийх саналыг тавьсан. Би өөрийн гэсэн ганц ч клипгүй, цомгоо гаргаагүй хүн чинь тоглолтын талаар бүр зүүдлээ ч үгүй байлаа. Гэхдээ түүний саналыг би дуртайяа хүлээж авсан. Ингэхдээ би түүнд өөрийнхөө нөхцөл байдлын талаар урьдчилан анхааруулж хэлсэн байгаа. Тоглолтынхоо товыг тун удахгүй зарлана. Түр хойшлогдсон байгаа. Энд онцолж хэлэхэд, тоглолт амьд хөгжимтэй, цоглог залуустай, доргио болох болно. Бид бэлэн, гагцхүү мөнгөгүй хүн юм хийж болдоггүй болсон үе болохоор жоохон саадтай байна” хэмээсэн байна. Тэгэхээр тун удахгүй рэппэр Женни анхны бие даасан тоглолтоороо фенүүдтэйгээ уулзах нь ээ.
П.ТУУЛ