“Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуун Сухайтын авто зам” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Таван Толгой” ХК, “Энержи Ресурс” компаниуд хатуу хучилттай авто замыг ашиглан тээвэрлэлт хийхээр санамж бичиг байгууллаа.
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн 43.2 км зам нь уул уурхайн зориулалтаар барьсан хүнд даацын анхны хатуу хучилттай зам юм. Дээрх санамж бичгийг байгуулснаар шороон замаар тээвэрлэлт хийсэн тохиолдолд байгаль орчны хохирлын үнэлгээ хийж, хариуцлага тооцохоор болж байна. Мөн талууд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын хатуу хучилттай авто замыг ашиглан тээвэрлэлтийг гүйцэтгэхэд нэг тонн нүүрс тээвэрлэх тарифыг нэг ам.доллар болгожээ. Улмаар “Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл Техникийн ерөнхий шаардлага” MNS 6278:2011 стандартад нийцсэн хүнд даацын тээврийн хэрэгсэл ашиглахыг санамж бичигт тусгалаа.
Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай замын хүчин чадал жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай гэдгийг албаныхан хэлж байна. Одоогоор нүүрсний зах зээл болон уурхайнуудын үйл ажиллагаанаас шалтгаалан өдөрт 400 гаруй машин тээвэр хийдэг аж.
Дээрх чиглэлд 50 гаруй компанийн 2500 орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулдагаас тал хувь нь шороон замаар тээвэрлэлтээ хийдэг байна.
Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн зам нь цементээр бэхжүүлсэн 25 см суурьтай, 24 см цемент бетон хучилттай, 12.3 метр өргөн, хөвөөтэйгөө 16.8 метр өргөн, гурван эгнээтэй аж. Гурван эгнээ замын голын зурвасаар зөвхөн онцгой үед буюу ямар нэгэн саад тулгарсан тохиолдолд зорчих зориулалттай. Бусад үед ачаатай зурвас, ачаагүй зурвас гэсэн хоёр эгнээгээр зорчдог байна. Нэг тэнхлэгтээ 26 тоннын даацтай машинаар тээвэрлэлт хийхэд ачаатай зурвасаар, буцаж ирэхдээ нөгөө урсгалынх нь замаар явах зориулалттай. Хоёр машин зөрөх үед хооронд нь хамгийн багадаа 3.5 метр зай гарах нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан шийдэл болсныг тус зам ашиглалтад орох үеэр мэргэжилтнүүд онцолж байсан.