Өмнөд Солонгосын Инчоны нисэх буудалд буусан гадаадын жуулчдад гар утас үнэгүй тарааж өгөхөөр болсныг “Tech Times” сайтад мэдээлжээ. Уг үйл ажиллагааг тус улсын Самсунг, харилцаа холбооны “SK Telekom” компани болон Үндэсний аялал жуулчлалын байгууллага хамтран зохион байгуулсан байна. Кампанит ажилд оролцох жуулчдад таван өдрийн хугацаанд ашиглах зориулалтаар “Samsung Galaxy Note 5” утас, үнэгүй ярих эрх бүхий сим карт, нэг гигабайт интернэт хэрэглэх боломж олгох аж. Үнэгүй хэрэглэх гар утсыг долоо хоногт 250 хүн л авах ба жилийн хугацаанд 12 мянган хүн шинэ утсыг хэрэглэж үзэх юм. Үнэгүй утас хэрэглэхийг хүссэн жуулчин Солонгосын Үндэсний аялал жуулчлалын байгууллагын сайтад хүсэлтээ бүртгүүлэх ёстой ба кампанит ажил хэзээ эхлэхийг албан ёсоор зарлаагүй байна.
Д.Болд
//www.unen.mn/