02.17

АСЕМ-ын хурлын бэлтгэл буюу тахлын дунд найр

АСЕМ-д 53 гишүүн орон байдаг. Хэмжээгээрээ бараг бага гарын байгууллага. Улсаа өрөнд живүүлчихсэн засаг энэ байгууллагын зочдыг хүлээж авах нэрийдлээр төгрөгийг хэдэн зуун тэрбумаар зарж байна. Байр барина л гэнэ, машин оруулна л гэнэ.

Манай Засгийн газар 119 орны төр засгийн тэргүүн, сайд, эрхэм гишүүдийг нэгэн зэрэг хүлээж авсан түүх бий! Ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын 5-р бага хурлыг 2003 онд зохион байгуулсан юм.
Энэ хөдөлгөөний түүхэн дэх хамгийн сайн хурал болсон гэж магтуулсан. Үүний хэсэг болох иргэний нийгмийн форумд 68 орон оролцсон. Цөмийг нь байгаа буудал, байрнууддаа хүлээгээд л авсан.
Гадаадын дарга нар шинэхэн барьсан виллануудад буухыг шаарддаг уу? Үгүй!!! 1990 онд Японы эзэн хаан Акихито хаан ширээндээ заларсан. Дэлхийн хаад ноёд, дарга нар гээд л 158 орноос нийт 500-гаад NUMBER one, NUMBER two ирсэн. Эд нар хаана буусан гээч? Нью Отани буудалд! Төрийн тэргүүнээ дагаж, энэ арга хэмжээнээс хүртэх завшаан надад тохиосон юм. Тэр үед дэлхийн хоёрдох баян орон болох Япон нь NUMBER one-уудад зориулж тусгай байшин байр босгоогүй л юм даа.

Бид чинь 2003 онд хавьгүй цөөхөн зочид буудалтай байсныг санаж байна уу? Одоо бол АН-ын гавьяагаар Шангри Ла, Кемпински, Рамада, Туушин муушин гэх хөгжил дэвшил бий болчихсон биз дээ? Эдгээрийн хэрэг АСЕМ-ын хурлаар яагаад гарч болохгүй гэж?
2003 онд гадаад өр маань 0.91 тэрбум ам доллар буюу өнөөгийнхөөс 5 дахин бага байсан. Улсын төсөв өнөөдрийнх шиг хоосорчихсон байгаагүй. Гэвч баяны дүр эсгээгүй. Одоо яахаараа эсгэдэг билээ?…
Засаг жудаггүйтэх нь төрийн маань эмгэнэл. АН тэргүүтэн төрийн эрхэнд гармагц энэ өвчин үгдэрдэг нь засаглалын маань эмгэнэл. АСЕМ-ын дарга нар гурван шөнө тэрбум төгрөгийн байрнуудаар тухлах үед эмнэлгийн орон дээр бие муудсан хүүхэд хоёр гурвуулаа чихцэлдэн хэвтэх нь ард түмний маань эмгэнэл. Эмгэнэл ярьвал дуусахгүй…

 

Их тэнгэрт барьж буй уг төслийг хэрэгжүүлэхэд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг Засгийн газар Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрчээ.

Босоо Монголын Голомт Хөдөлгөөн ТББ