02.18

Леонардо Ди Каприо Хөвсгөлд ”Амилсан чөтгөр”-ийнхөө бодит аяллыг хийнэ

Оскарын шагналд 6 дахь удаагаа нэр дэвшээд буй алдарт жүжигчин Леонардо ди Каприо Монгол нутгийн Хөвсгөл далайд амь өрссөн аялал хийж, гэрт амьдарч, морь унаж, бүргэдтэй ан хийж 10 хоногийг өнгөрөөх гэж байна. Хөлдөж царцмаар хүйтэн нөхцөлийг тэсвэрлэж, тэмцэж, хүнд хэцүү олон сорилттой тулгарсан “Амилсан чөтгөр” адал явдалт киногоор Академийн шагналд нэр дэвшсэн Леонардо ди Каприо талын Монголд жинхэнэ амь өрссөн аялал хийхийн тулд 95000 америк доллар төлжээ.

Тэрбээр энэ аяллаа Шведийн нэрт аялагч, судлаач Иохан Эрнст Нильсонгийн хамт хийх бөгөөд аялагч Нильсоны хувьд, 41 настай жүжигчин эрийг хүрэх хязгаар хүртэл нь дагуулан аялна гэдгээ хэлсэн байна. Тэдний аялал Монголын Хөвсгөл далайд 10 хоногийн турш үргэлжилнэ. Тэднийг дагалдан зааварлагч, чиглүүлэгч нар болоод хувийн тогооч нь явах юм байна. Леонардо Ди Каприо ДОХ өвчнийг судлах Америкийн төвд хандив олох зорилготой, Нью Йорк хотод болсон “amfAR” дуудлага худалдаанаас Монголд аялах эрхээ үнэ цохин авсан юм.

Шведийн аялагч Нильсон ярихдаа, “энэхүү экспедицийн турш бид морь унаж, бүргэдтэй ан хийж, нүүдэлчин гэр бүлтэй хооллох болно. Бас Монголын бөмбөгөр оройтой гэрт унтах болно. Би энэ аяллыг хийхдээ бүхнийг энгийнээс хэтрүүлж, аз туршсан, адал явдалтай байдлаар хийх болно. Тиймээс энэ аялал гайхалтай байх болно” гэсэн байна. Леонардо “Амилсан чөтгөр” кинонд бүтээсэн дүрээ цас мөстэй хүйтэн нөхцөлтэй тэмцсэн, бие физилиогийн тэсвэртэй байдлыг хамгийн их шаардсан дүр байсан хэмээн ярьжээ.

Э.Лхагва