Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвгэр, бидний ярьж заншсанаар шар хадны эцэст 19-20 насны хоёр охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Тэгвэл амиа алдсан хоёр охин сэжигтнээр баривчлагдсан Б.Идэрзаяа, Э.Золбоо гэх хоёр залуутай пабд архидан согтуурснаас энэ бүх хэрэг үүдэлтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас ч нотолж, хэвлэлүүд ч энэ талаар мэдээлж байсан юм. Харин өчигдөр уг хэргийн шүүгдэгч Б.Идэрзаяа нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өдөржин хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.
Шүүхээс Д.Идэрзаяад 25 жилийн хорих ял оноосон бөгөөд оноосон ялын 20 жилийг гянданд, таван жилийг онц дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Мөрдөн байцаалтын явцад Сэжигтэн Б. Идэрзаяа нь 2014 оны тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Давсны булаг дэлгүүрийн хойд зүгт Хар хошуу гэх газарт хохирогч С.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь чулуугаар олон удаа цохиж бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн. Мөн үүний гадна хамт явсан иргэн Б.Х-ыг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор түүний толгойн тус газар чулуугаар мөн олон удаа цохиж, амь насыг нь хохироож онц хэрцгий аргаар, хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдаг.
Энэ хэрэгт Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Тодруулбал, дээрх зүйлчлэлд “Хүнийг танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, онц хэрцгий, харгис аргаар, хоёр буюу түүнээс олон хүнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэж заасан байна.
С.НАРАН