Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ дэх, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дэх аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо болж байгаа билээ. Өчигдөр тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 кг-ийн жингүүдийн барилдаан болж, нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ.
55 кг-ын жинд 9 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Жуен Имийг цэвэр ялсан. Харин хагас шигшээд Японы бөх Момока Кодояг 6:5-аар ялж, алтан медалийн төлөө Энэтхэгийн бөх Приянкыг 2:2-оор буюу сүүлийн оноогоо хожжээ. Ингэснээр Д.Отгонцэцэг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн алт, мөнгө, хүрэл медальт бөх болов.
Тэгвэл 60 кг-ын жинд 8 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер О.Оюунтуяа нэгдүгээр тойрогт БНСУ-ын бөх Хуанг Рае Хонгийг цэвэр ялсан ч хагас шигшээ барилдаанд Японы Аяко Итод цэвэр ялагдсан. Гэвч хүрэл медалийн төлөө Вьетнамын бөх Ти Хуанг Даотай барилдаж, цэвэр ялснаар медалийн тавцанд зогсчээ.
Харин 69 кг-ын жинд 8 бөх барилдсанаас спортын мастер З.Болортунгалаг нэгдүгээр тойрогт Тайваны бөх Вэн Линг Чен цэвэр дарж, хагас шигшээ барилдаанд японы Сара Дошод 6:17 онооны харьцаагаар хожигдсон. Харин хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын бөх Чаерин Парктой өрсөлдөж, цэвэр ялжээ. Ийнхүү Азийн аваргын эхний хоёр өдөр манай бөхчүүд хоёр алт, хоёр хүрэл медаль хүртээд байна.
Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 58, эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан болно.
http://www.mminfo.mn/