МУСГЗ яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар болон "Төлөвлөгөөний шинэ нийслэл” Төрийн бус байгууллагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Уг ТББ-ын зүгээс нийгмийн сайн сайхныг эерэг зүйлд уриалахын тулд Ш.Гүрбазар гуайн “Тайтгарахуй’’ шүлгийг сонгож, клипжүүлсэн гэнэ. Энэ талаар Ш.Гүрбазар “Би “Тайтгарахуй” шүлгээ 2012 онд бичиж байсан. Өнөөдөр энэ залуус миний шүлгийг клипжүүлж, олны хүртээл болгож байгаад сайхан санагдлаа. Хэдэн жилийн өмнө бичсэн шүлэг өнөөдөр сошиал ертөнцөөр гарахаар иргэд янз бүрээр хүлээж авч магадгүй. Өнөөдрийн нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ шүлэг эргэн хүрч байна. УИХ- ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ үед дуучин С.Жавхлан тэргүүтэй залуус төрийн тэргүүн, түшээдтэй уулзана гэж мэдэгдэл хийж байна. Үнэндээ би үүний галыг жаахан намдаах гэж хэн нэгэн хүний даалгавраар энэ шүлэг бичигдсэн юм шиг сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд хэвлэл, мэдээлэлд хандаж байгаа юм” хэмээн мэдэгдсэн.
Түүгээр ч зогсохгүй “Үүнд би яруу найргийг битгий улс төржүүлээрэй гэж хүсч байна. Одоо улс орны байдал янз бүр байна. Эдийн засаг хямралтай байна. Хүн бүхэн өөрийн үзэл бодлыг дэвшүүлж, болох болохгүйн тухай ярьж байна. Улс оронд хүндрэлтэй, эмзэглэлээр, бас цаашид яах гэж бужигнаж байгаа энэ үед тайван байя, тайтгаръя, бүх юм сайхан болно гэж шүлгээ олон нийтэд хүргэж байгаа юм. Үүний цаана ямар нэгэн намын захиалга байхгүй шүү” хэмээн онцлоод амжина лээ. Эндээс харахад Гүрээ найрагч өөрийнх нь уран бүтээлийг захиалгынх гэж бодохвий гэж ихэд эмзэглэсэн бололтой. Тиймдээ ч ийнхүү хэвлэлийнхнийг дуудаж тайлбар хийхэд хүрсэн биз ээ.
С.НАРАН