02.25

Түрээсийн орон сууцанд хэрхэн хамрагдах вэ?

Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2016-01-12-нд баталсан. Хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

Түрээсийн орон сууцанд тавигдах шаардлага

-Барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн

-Инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унталгын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 30-50 м.кв хүртэлх талбайтай байна.

Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнд тавигдах шалгуур үзүүлэлт

-Эрх зүйн чадамжтай, 21 насанд хүрсэн

-Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг

-Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой

-Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй

Иргэний бүрдүүлэх бичиг баримт

-Иргэний цахим үнэмлэхний хуулбар

-Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/

-Өргөдөл

-Орлого тодорхойлох баримт бичиг

-Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийг бүртгэлийн байгууллагын лавлагаа

-Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

 Төлбөрийн нөхцөл хэрхэн зохицуулагдсан бэ

Инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унталгын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 30-50 м.кв хүртэлх талбайтай байна. Хөдөө орон нутагт 1 м.кв 4000  , нийслэлд 5500 төгрөг байхаар тогтсон. Болзошгүй эрсдэлийг тооцоолон, тодорхой хэмжээний барьцаа авах ёстой гэж үзэн3 сарын хугацааны түрээсийн барьцааг авахаар зохицуулагдсан.

 Л.Ариун

Эх сурвалж: TIMES.MN