03.01

П.Цэрэндагва: Би амьдрал дээр хурц дайчин хүн болох гэж жүжиглэж чаддаггүй

Ардын жүжигчин П.Цэрэндагватай ярилцлаа. Тэрбээр ирэх сарын 5-нд нээлтээ хийх “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны сумын арслан Цэвээний дүрд тоглосон юм.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кинонд та эцгийн дүрийг бүтээжээ. Урьд өмнөх дүрүүдээс Цэвээн гэдэг хүний дүр юугаараа онцлог байв?

-Онцлог зүйл байлгүй яахав. Жүжигчин хүний хувьд дүр бүхэн өөрийн гэсэн өгүүлэмтэй онцлог шинж чанартай байх ёстой. Нийтлэг үү, нийтлэг бус уу гэдэгт асуудлын гол байна уу гэж би боддог. “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд бол хөдөөгийн жирийн нэг аав. Хамгийн гол нь ҮГ гэдэг зүйлийн мөн чанарыг энэ дүрээрээ гаргаж ирж буй.

Үгээр хүнийг алж болно, амилуулж болно. Үг гэдэг зүйл дээрээ анхаараач, ухаараач гэдэг санаа миний энэхүү дүрийг гаргахад нэлээд түлхэц болсон гэж бодож байна.

-Киноны зураг авалтын явцад Цэвээн П.Цэрэндагва хоёр хэр зөрчилдөж байв?

-Тоглосон дүрээр нь хүнийг дүгнэнэ гэдэг өрөөсгөл ойлголт л доо. Зохиолыг унших явцад Цэвээнтэй зөрчилдөх асуудал гарна, гэхдээ зарим тохиолдолд санаа нийлэх ч тохиолдол гарч байсан. Цэвээний дүр бол нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийн толь.

Ер жүжигчин хүн дүрдээ орох үедээ өөрийнхөө үзэл бодлыг умартах хэрэгтэй. Найруулагч юу хийнэ гэнэ түүнийг чин сэтгэлээсээ, төгс төгөлдөр, чадварлаг хийхийг хичээх ёстой. Энэ бол бидний хийх ёстой ажил.

-Драмын театраар сонин сайхан юу байна. Шинэ уран бүтээлүүд тайзнаа хэзээ тавигдах вэ?

-Яг хэзээ үзэгчдийн хүртээл болохыг би мэдэхгүй байна.

Ямартаа ч манай театрынхан шинэ уран бүтээл хийхээр төлөвлөөд ажлаа эхлүүлээд байгаа. Шинэ төслийн хүрээнд театрын удирдлагууд, ерөнхий найруулагч, ерөнхий зураачид маань саяхан Энэтхэг орон руу сар гаруй хугацаанд явж судалгаа хийгээд ирлээ.

Энэ юу гэхээр, “Үнэний хаан Будда” гэдэг жүжгийн төслийг эхлүүлсэн байна. Удахгүй энэ жүжигт орж ажиллах байх.

-Театрын тухайд таны үгийг сонсъё. Дэлхийн театрын сонгодог дэгийг Монголынхоо хөрсөнд суулгасан алтан үе, Гантөмөр, Мягмарнаран гуай та нарын үе манай драмын урлагийг маш өндөр түвшинд авч ирсэн. Гэвч 2000 оны эхээр тэр дэг ямар нэг хэмжээгээр алдагдсан. Харин сүүлийн хэдэн жил театр эргээд сэргэж байна гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Яг өөрийн чинь дурсаж хэлж байгаа энэ үе бол театрын түүхэнд маш онцгой тэмдэглэгдэж үлдсэн ийм үе. Ерөөсөө Монголын театрын хөгжлийн оргил үе гэж хэлж болно. Үнэхээр Монголын театрын урлаг дэлхийн театрын урлагтай мөр зэрэгцэн гарч ирсэн том үе бол гарцаагүй энэ үе мөн. Үүнтэй хэн ч маргахгүй.

Үнэхээр тийм өндөр түвшинд байсан юм бол өнөөдөр яагаад түүнийг бариад явж чадахгүй байгаа юм гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Тэгэхээр нийгмийн амьдралын ороо бусгаа цаг бол зөвхөн театрын урлагт биш Монголын нийгмийн амьдралд бүхэлд нь нөлөөлчихсөн юм гэдгийг хэн хүнгүй мэднэ. Нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн давалгаа ямар ч салбарт эрсдэл дагуулсан. Тийм учраас энд театр ч хөл алдсан. Их, багагүй хөл алдсан.

Нийгмийн амьдрал эдийн засгийн хувьд ч, хөл алдсан, оюун санааны хувьд ч хөл алдсан. Ийм арван хэдэн жилийг бид нар туулж ирж байгаа юм. Гэхдээ нэгэнт өмнөх үеийн бий болгочихсон тэр хөрс суурийг бид гээхийг нь гээж, авахыгаа авах хүн ёсны ухаанаар хандаж энэ театр, энэ мэргэжилд үнэнч байж театрыг өнөөг хүртэл авч хүрч ирсэн нь бас ч чамлаад байх зүйл биш.

Бид арван хэдэн жилийн хугацаанд яавал дэлхий нийтийн гольдролд хөл нийлүүлэх вэ гэдгийг тэр хөл алдаж явсан үедээ бодож, авах гээхийн ухаанаар шүүн тунгааж зүтгэж ирснээс өнөөдөр энэ театр өдий дайтай байгаа юм. Өнөөдөр театр тодорхой хэмжээнд бас ажиллаж үүргээ гүйцэтгэж байна гэдэгтэй хэн ч маргахгүй.

-Найруулагчид таныг сонгож уран бүтээлдээ тоглуулах дуртай байдаг. Таны хувьд энэ жил хэддэх жилдээ тайзны уран бүтээл дээр ажиллах гэж байна вэ?

-Санаа нь бол намайг тэтгэвэртээ суух болоогүй юу гэж асуугаад байна аа даа?

-Үгүй ээ, яалаа гэж. Ажиглаад байх нээ таныг манай “мундаг” гэгддэг найруулагч нар уран бүтээлдээ оролцуулах их дуртай байдаг.

-Хууль дүрмээр гэвэл тэтгэвэртээ суух нас болсон. Яагаад найруулагч нар надтай хамтарч ажиллаад байгаа нь миний шийдэх асуудал биш. Найруулагч нарын эрхийн асуудал.

Миний хувьд 40 гаруй жил жүжигчний мэргэжлээр ажиллаж байна. Энэ хугацаанд би зуурчихсан гурил шиг л байх ёстой гэдэг зарчмийг барьж явсан. Ямар хэвэндээ цутгах нь найруулагчийн эрх. Яг миний өмнө авчраад тавьчихсан хэвэнд ороход бэлэн байх тийм биеийн болон оюун санааны бэлтгэлтэй байж гэмээнэ би жүжигчин байна. Тэрнийхээ хүчинд л ингэж явж байна гэж боддог.

- Тоглохоос татгалзах жүжгийн зохиол гэж танд байв уу, ер нь байдаг уу?

-Жүжигчин хүнд тэр болгон татгалзах дүр байдаггүй. Харин одоо бол тийм юм байдаг болж эхэлж байгаа юм билээ.

-Та ер нь их хурц дайчин дүрүүдийг голдуу бүтээсэн байх юм. Аядуу намдуу хүний дүрд тоглох боломж танд бий юу?

-Надаас гарч байгаа араншингийн хувьд тухайн тодорхой дүрдээ шингэж үлдсэнийг би үгүйсгэхгүй. Гэхдээ би хурц дайчин хүн болох гэж амьдралдаа жүжиглэж чаддаггүй. Би хурц дайчин хүнд л тоглоно шүү, өөр дүрд тоглохгүй гэж найруулагчийн өөдөөс хэлдэг жүжигчин би биш.

Оногдсон юмаа л хийдэг жүжигчин. Миний хувьд төрт ёсны уламжлалтай холбогдсон, тэр дундаа Монголын төрийн төлөөнөө оюунаа чилээж, чөмгөө дундалж явсан түүхэн хүмүүсийн дүр дээр ажилласан бүтээл олон бий. Ялангуяа кинонд.

Монголын гурван төрд оюунаа чилээж чөмгөө дундалж явсан Жалханз хутагт Дамдинбазар, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэж явсан манлай баатар Дамдинсүрэн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Данзан байна. Гол нь би иргэний хувьд эмзэглэж явсан зүйлээ уран бүтээлчийн дүрүүдээр дамжуулан илэрхийлэх боломж олдсонд л баярлаж явдаг. 

Театрын тайзан дээр гэхэд би Богд хаанд тоглосон. Бас бус хаадад тоглосон. Сонгодог жүжигт ч адил. Тэгээд яасан бэ гэхээр, ерөөсөө төр гэдэг чинь маш эмзэг шүү гэдгийг л энэ бүхнээс ухаарч авсан.

Төрд гарч ирсэн хүмүүс төрийн хүндтэй суудалд гарч ирчихээд өөрийнхөө тухай ихээхэн бодоод ирэх юм бол чи төрийг төр ч биш, юу ч биш болгодгийн үлгэр энд агуулагдаж байдаг юм шүү гэдгийг л хэлэх гэж орж ирсэн. Тиймээс би их азтай.

-Жүжгийн зохиол гарахгүй байна гэж театрын уран бүтээлчид гомдоллодог тал бий. Үнэхээр тийм юм уу, эсвэл энэ худлаа юу?

-Худлаа ч бас биш шүү. Жүжиг, жүжгийн зохиол хоёроо манайхан ялгаж чаддаггүй учраас ийм юм яригдаад байгаа юм. Нарийн анзаараад харах юм бол жүжгийн зохиол байна уу, үгүй юу гэдэгт нэг их эргэлзээд байх юм байхгүй. Жүжгийн зохиол байхгүй. Хөөрхий минь, сүүлийн хэдэн жил Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Төрбат энэ хэд л одоо энэ театрт гал залгуулж байна.

-Та одоо өөр шигээ эрэгтэй жүжигчин бэлдэж байна уу. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө арга барилыг үлдээх гарын шавьтай юу?

-Байлгүй яахав. Эхнээсээ олны танил болж байна. Би тэднийгээ хий хөөргөн магтахыг гол болгодоггүй. Шавь нараа хаа ч явсан өөрийнхөө хариуцсан юманд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг, надаас тодорхой хэмжээний юм авсан, авсан гэдгээ мэдэрдэг, хэний ч өмнө багшийгаа дуудах тэнхэлтэй тэр хүн л миний шавь.

-Ярилцсанд баярлалаа.

 www.gereg.mn Б.Дэжид