03.03

Б.Баатархүү: ”Зах гурван хоног ажиллахгүй” гэдэг ташаа мэдээлэл

"Нарантуул" олон улсын худалдааны төвд өнгөрсөн шөнө буюу 03.00-05.00 цагийн үед гал гарсан. Гал тус худалдааны төвийн бөс барааны лангуунуудыг хамран гарсан талаар манай сайт мэдээлж байсан. Тэгвэл дөнгөж сая ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү болон Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Б.Эрдэнэбаатар, БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганбат нар "Нарантуул" олон улсын худалдааны төвд гарсан галын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын Ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү: Одоогоор 2500 мКв талбай галд автсан

"Нийслэлийн онцгой байдлын газрын 10 дугаар анги эхний дуудлагаар очиж ажилласан. Мөн нэмэлтээр долоон анги гаргаж ажиллаа. Нийт 100 гаруй албан хаагч оролцож галыг унтраалаа. Одоогоор 2500 гаруй мКв газар галд өртсөн гэж тогтоогоод байна. Энэ нь бөс барааны лангуу байсан. Хохирлын хэмжээ, хичнээн түрээслэгчид тухайн газарт лангуу түрээсэлдэг байсан гэдгийг одоогоор тогтоох боломжгүй байна. Нэмэлтээр шинжээчдийн баг, мэргэшсэн мөрдөн байцаагчид хамтран хэргийн газарт үзлэг хийж байна"

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: "Зах гурван хоног ажиллахгүй" гэдэг ташаа мэдээлэл

"Цагдаагийн байгууллагаас 75 албан хаагч хэргийн газрын  хамгаалтанд гарч ажилласан. Урьдчилсан байдлаар гал юунаас болж гарсан гэдгийг хэлэх боломж байхгүй. Энэ хэрэг дээр БЗД-ийн цагдаагийн хэлтэс болон Улаанбаатар цагдаагийн газрын дэд дарга нараар ахлуулсан мэргэшсэн мөрдөн байцаагчид нэмэлтээр ажиллаж байна. Зах гурав хоног ажиллахгүй гэдэг ташаа мэдээлэл. Ийм мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй байна. Нийслэлийн захирагчийн албанаас гаргах ёстой. Бид аль болох бусад шатаагүй талбайн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангахаар ажиллаж байна. Хэргийн газарт түргэн шуурхай үзлэг хийж байна. Хэргийн газрын үзлэгээр хүний амь нас хохирч, бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Бүх холбогдох баримт болон иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллага хураан авсан байгаа" гэв.