03.09

Т.Даваасүрэн агсны ар гэрт хоёр өрөө байр өглөө

Одоогоос хоёр жилийн өмнө таксины жолооч хийдэг таван хүүхэдтэй залуугийн бичлэг сошиал ертөнцөөр тарж, олон бодогдуулж байсан билээ.

Түүний амьдралын төлөө, эхнэр хүүхдүүдийнхээ төлөө тэмцэж буй тухай эгэл яриа олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, “Мундаг аав” гэх алдрыг хайрлаж байсныг олон хүн санаж буй биз ээ.

Гэтэл ажилч, хичээнгүй залуу бурхны оронд одсон талаарх таагүй мэдээ өнгөрсөн Баасан гарагт фэйсбүүкээр тарж, олон нийт эмгэнэл илэрхийлж эхэлсэн юм.

Тэгвэл уй гашуу тохиолдсон энэ гэр бүлд “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон орон сууц бэлэглэхээр шийдвэрлэжээ. Олон түмнээ “Мундаг аав” хэмээн алдаршсанТ.Даваасүрэн агсны гэр бүл ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад орох “Шинэ толгойт” хорооллын хоёр өрөө байранд орох юм байна.

Талийгаач өмнө нь нэвтрүүлэгт оролцохдоо харвалт өгч байснаа ярьж байсан юм. Тэгвэл өнгөрсөн намар дахин харвалт өгч, улмаар хүндэрч, асаргаанд байсаар насан эцэслэсэн байна.

Талийгаачийн үр хүүхэд, гэргийд эмгэнэл илэрхийлсэн хүмүүс олон байгаа бөгөөд хандив цуглуулж орон байртай болгох аяныг ч эхлүүлсэн билээ. Монголчууд ч мундаг аавын үр хүүхдэд буян үйлдэж чамгүй мөнгө хандивласаар байгаа юм.

Монголын мэдээ