03.15

Латифийн Байзада: Аавыгаа дурсахаар үүлэн чөлөөний нар үзэгдээд өнгөрөх шиг болдог

Соёлын тэргүүний ажилтан, поп дуучин Л.Байзадатай ярилцлаа. Тэрээр“Чиний зураг”,“Танилцъя охин”,“Үүрдийн наран” зэрэг дуугаараабүсгүйчүүдийн сэтгэлд хоногшсон дуучин билээ.

Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна. Саяхан тоглолт хийсэн байсан?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би саяхан олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолт хийлээ. Хөлбөмбөгийн залуус цугладаг, ерөнхийдөө хөнгөн сайхан уур амьсгалтай “Sta­dium” гээд ресторан байдаг юм байна. Энэ ресторантой гэрээ байгуулж хамтран ажиллахаар тохироод олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан хоёр өдөр тоглолт хийсэн. Хүмүүс ч тоглолтыг маань их сайхан хүлээж авлаа. Би хуучин дуунуудаа дуулсан болохоор бүсгүйчүүд их хөгжөөн дэмжлээ. Энэ тоглолтод дуучин Амина, “Sync” хамтлагийн Амараа, дуучин Одко, “FLY” хамтлагийн уран бүтээлчид уран бүтээлээ хүргэсэн байгаа. Тоглолт их халуун дотно, сайхан уур амьсгалтай байлаа. Үзэгчид, уран бүтээлчид бие бие рүүгээ тэмүүлсэн үнэхээр гоё тоглолт боллоо. Удахгүй цэргийн баярт зориулсан тоглолт хийнэ. Тус тоглолтыг залуус та бүхэн ямар ч таксгүйгээр үзэх боломжтой гэдгийг энэ дашрамд хэлчихье.

-Шинэ уран бүтээл хийж байна уу. Таны дуунуудыг зарим залуу хамтлагуудсэргээж дуулж байдаг?

-Сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд нэлээд хэдэн дуу хийсэн. Тухайлбал, “Синк” хамтлагийн “Хөөрхөн шүү чи минь”, “Гурван бүдүүн” хамтлагийн “Хайр татам, “Аав минь ирж яваа” зэрэг хэд хэдэн дуу хүүхэд залуучуудын дунд дуулагдаад хит болоод явж байна.Өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан МУГЖ Сарантуяа, “Гурван бүдүүн” хамтлагтай хамтран дуулсан “Гэрэлт нарны ээж” дуу. Бид ээжийнхээ ачийг яаж хариулах вэ гээд байхаас ээж минь юунд санаа зовж байна, яаж байна гэж тэр болгон асуудаггүй. Энэ агуулгыг илүү харуулахыг хичээсэн уран бүтээл л дээ. Саяхан хэрэг болгож өөрийн үг, аяыг нь зохиосон дуугаа тооллоо. Дуулсан, үгийг нь, эсвэл аяыг нь бичсэн гээд бүгд нийлээд 130 гаруй уран бүтээл болсон байна.Би дууныхаа үгэн дээр өөрөө ажиллах дуртай. Поп хөгжим дээр өөрийн гэсэн илэрхийлэл байх ёстой юм шиг санагддаг. Өөрийнхөө бодлыг шингээж хийсэн дуу хүмүүст илүү хүрдэг юм шиг.

Та дүү Нурбулантайгаа хамтарч аавынхаа дурсгалд зориулж “Латиф” сан байгуулсан. Сангийн үйл ажиллагаа нэлээд эрчимжиж байгаа гэж сонссон?

-Өөрийнхөө уран бүтээл гэхээсээ илүүтэйгээр аавынхаа нэрэмжит “Латиф” сангийн үйл ажиллагаанд илүү ач холбогдож өгч ажиллаж байна. Саяхан л сан байгуулсан. Өнөөдөр таван жил болчихсон байна. Өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө өөрсдийнхөө хүчээр хөрөнгө босгож хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж залуучуудын ирээдүйн урлагт орох боломжийг нээх зорилготой ажиллаж байлаа. Тэгэхээр энэ жил миний тайзан дээр гарсан 20 жил, сан байгуулагдсан таван жилийн ой тохиож байна. Миний аавын нэрийг дурсахад л хүмүүст гэрэл гэгээтэй сайхан дурсамж сэргэдэг. Энэ нэрийг цаашдаа газарт унагачихгүй л авч явахыг хүсдэг. Таван жилийн хугацаанд дандаа орон нутагт тоглолт хийжээ. Орон нутгийн замд төөрөөд машин тэрэг эвдрээд зогсчихсон байхад хүртэл малчид маань ирээд тусалж байсан удаа ч бий. Энэ бол миний аавын л буян. Яг одоо би хэн нэгнээс надад туслаач гэж хандивын мөнгө гуйгаагүй. Мэдээж аавын нэрэмжит санг дэмжиж хамтарч ажиллахаар бол хүлээж авах болно. Учир нь энэ жилээс би нийслэлд түлхүү ажиллах төлөвлөгөөтэй байна. Сургууль, байгууллага дээрээ жинхэнэ, гоё амьд тоглолтыг үзье гэвэл гоё тоглолтыг бид барих болно. Яахав Байзада дуугаа дуулаад явбал явна л даа. Гэхдээ залуусыг сайн сайхны төлөө уриалах сонирхолтой. Бидний амьдарч буй нийгэм саарал харагддаг. Ардчиллаас өмнөх нийгэм оюун санааны хувьд хавчигдмал, баригдмал байсан гэдэг. Гэхдээ сайхан зүйл ч байсан. заримдаа тэр үеийг санагалздаг. Өнөөдөр хүмүүс өнгө мөнгөний хорвоод жинхэнэ тулалдаж байна. Хүн чанар энэ завсар гээгдээд байх шиг. Энэ нийгмийг сайн сайхан болгохын тулд залуус өөрсдийн дуу хоолойгоо оюунлагаар хүргэх хэрэгтэй.

Таны цаашдын үйл ажиллагаа залуусын төлөө байх болно гэсэн. Тэгэхээрдуучин Байзада залуусыг уран бүтээлээрээ уриалах бодолтой байна гэжойлгож болох уу?

-Төрийн эрхийг олон жил барьж ирсэн эрхмүүд өөрсдийгөө хөгширсөн, үеэ өнгөрөөж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх л ёстой байхгүй юу. Миний хувьд зөвхөн урлагийн салбараа л барьж ярина шүү дээ. Би аавынхаа үргэлжлэл болж олон сайхан зүйл хийхийг хүсч байгаа боловч өр зээл, татварын дарамт, гадаад руу зорчих визний дарамтаас эхлээд олон асуудал бий. Нүдэндээ гал цогтой хийж бүтээе гэсэн олон сайхан залуус байна. Заримдаа эерэг хуулиуд гарах юм аа. Гэхдээ л сайн наалдахгүй байх шиг. Наад зах нь залуус өр зээл тавин байж арай гэж машинтай болж байхад ганц дохио зөрчихөд 19 мянган төгрөгөөр торгодог жишээтэй. Машинтай болоод ч урамгүй байна ш дээ. Залуучуудын оюуны, сэтгэлгээний уналтыг гадныхан ашиглах вий гэхээс санаа зовних юм. Урлагийнхан бид энэ амьдралын, хүмүүсийн тухай л уран бүтээл хийдэг. Миний хувьд залуучуудад зориулсан гэгээлэг уран бүтээл хийж ирсэн. Цаашдаа ч энэ чиглэлээ барина.

Ер нь шинэ дуу дуулъя гэхээр үгүй ээ хуучин дуугаа дуулаач гэдэг л дээ. Гэхдээ би энэ бүхнийг ганцаараа бүтээчихсэн юм биш. Монголын хөгжмийн төлөө зүтгэж яваа хүмүүс болох хөгжмийн зохиолч Халиун, Арзак, Аранзаа нартаа баярлаж явдгаа хэлмээр байна.

Та нэг хэсэг уранбүтээлээсээ хөндийрчКазахстан явсан. Тухайн үедтаны дуулсан дуу болгоныгхүмүүс сонсох дуртайбайлаа. Яагаад ийм сайхануран бүтээлүүдээсээ хэсэгхөндийрсөн юм бэ?

-Би хүүхэд байхын л дуунд хайртай байсан. Тэгээд УБИС-ийг хөгжмийн мэргэжлээр төгссөн. Миний уран бүтээлийн оргил үе гэвэл 1995 он. Би дуулдаг, бүжиглэдэг хамтлагтай байсан. Бидний тоглолтыг хүмүүс их үзэх дуртай байлаа. Их гэгээлэг, шинэлэг байсан байх. Яг энэ үед би Казахстан явсан. Тус улсыг зорьсон учир гэвэл би ямар нэгэн зүйлд хэмжээ байх ёстой гэж боддог. Тэгээд л юм үзэж нүд тайлахаар явсан. Мэдээж хэсэг хугацааны дараа эх орондоо ирж уран бүтээлдээ орсон. Эргэж ирэхэд ч сонсогчид маань өмнөх шигээ л сайхан хүлээж авсан.

Та нэг хэсэг ёстой хит болж байлаа. Энэ үед танд хаягласан хайрын захиаих ирдэг байв уу?

-Надад хувийн нууцаа хадгалдаг жижигхэн хайрцаг байдаг юм. Тэнд амьдралын минь нандин дурсамжууд бий.

Та нэг удаа "Надад тайрмал үстэй, үүргэвч үүрсэн охид таалагддаг" 

гэж хэлснээс хойш охид үсээ тайрч байсан гэдэг?

-Үнэн (инээв). Тухайн үед Европт revel буюу яг тийм стиль моодонд орж байсан юм. Тэгээд л хэлчихгүй юу. Гэхдээ тайрмал үстэй, үүргэвч үүрч явдаг нэг охин таалагддаг байсан л даа (инээв). Одоо харин зарим бүсгүйчүүд тааралдаад "Чамаас болж үсээ тайрч байсан" гэдэг юм. Намайг тэгж хүндэлдэг байсныг бодохоор сайхан санагддаг.

Миний мэдэхийн л та урт үстэй байсан. Одоо ч бас. Энэ бас таны нэг имиджюм аа?

-1994 оноос л үсээ ургуулсан. Би поп урлагт хайртай. Миний шүтдэг бурхан хүртэл Майкл Жексон. Тэгэхээр хэнийг дуурайсан байх нь уу. Хүмүүст миний энэ имидж таалагддаг юм.

Аавыг тань циркийн Латиф гэдгээр нь хүмүүс андахгүй. Их сайхан дуулдаг,хөгжим тоглодог байсан гэдэг юм билээ?

-Миний аав Ховдын Булган сумын уугуул хүн. Байгалиас заяасан урлагийн мэдрэмжтэй. Домбор хөгжмийг их сайхан тоглоно. Бүтээсэн дүр, хөдөлгөөн, алхаа гишгээ нь хүртэл ахин давтагдахааргүй гайхалтай хүн байсан. Баян-Өлгийн Дэлүүн сумын 10 жилд сурч байхдаа дууны аварга болоод Унгар улсын хүүхдийн зусланд хүртэл амарч байсан гэдэг.

Аавынх нь тухай олон сайхан дурсамж танд үлдсэн байх. Заримдурсамжаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Миний сэтгэлд тодорч үлдсэн ганцхан шинэ жил байдаг нь аавтай байхдаа тэмдэглэсэн шинэ жил. 1979-1983 оны хоорондох шинэ жил буюу би тав, зургадугаар ангид байсан үе. Манайх орос маягаар шинэ жил тэмдэглэдэг байлаа. Тэр үеийн сүлд модны чимэглэл, жүржийн амт ямар гоё байсан гэж санана. Цас, цаг агаар нь хүртэл өөр байсан. Улаанбаатар чинь үлгэрийн хот шиг л сайхан байлаа. Цирк дээр Б.Бадрууган агсны найруулсан “Гайхамшигт цаг” гээд хөтөлбөр болдог байсан юм. Тэр жилүүдийг их үгүйлдэг дээ. Аавыгаа дурсахаар үүлэн чөлөөн дундаас дөнгөж нар харагдаад эргээд бүрхэж бороо асгаж байгаа юм шиг тийм саарал мэдрэмж төрдөг.

-Аавынхаа гэгээн дурсгалд зориулж уран бүтээл хийж байна уу?

-Би 1999 онд “Дэлхий дүүрэн инээд” нэртэй дуу хийсэн. Аавыг минь байхад дэлхий дүүрэн байж. Байх байхдаа дэндүү дүүрэн байж гэж боддог. Би энэ үгийг хаана ч явсан хэлэх дуртай.

Алтан наран ээсэн

Ахин ирэх амьдралыг дуудсаар

Болор тунгалаг нэгэн зүрх

Бүхнийг тойрон эргэлдсээр

Таны эгэл явсан тал шиг уужим сэтгэл

Таны уярааж үлдээсэн тайз чинь инээдээр бас цэцгээр дүүрэн байна...

Шүлгийг нь Д.Дэлгэрсайхан бичиж аяыг нь би өөрөө хийсэн байдаг. Ер нь нэрлээд байвал бүтээл бий.

Танайх ам бүл хэдүүлээ юм бэ. Латиф гуай гэртээ хэр их хөгжөөннаргиантай хүн байв?

-Манайх дөрвөн бахиал, нэг туфльтэй айл ш дээ. Манай аав гэртээ нэг их олон юм яриад байдаггүй. Ялангуяа биднийг хүмүүжүүлэх тал дээр. Нэг дуугарвал хэлсэн үг нь жинтэй тусна. “Хичээлээ л хий. Наадах чинь чамайг нэг юманд заавал хүргэнэ” гэж бидэнд хэлдэг байсан. Аав маань гэртээ өнжих нь даан ч ховор. Энэ нь нэг талаараа бидний хувьд харамсалтай санагддаг. Илүү олон өдрийг аавтайгаа хамт өнгөрөөсөн ч болоосой. Яалт ч үгүй ажил ихтэй байсан учраас болдоггүй л байсан болов уу. Миний аав хөлсөө дуслуулж эх орныхоо төлөө урлагт зүтгэж байсан байна. Миний аав шиг тийм мундаг хүмүүс их байсан. Залуу хойч үе бид санан дурсах хэрэгтэй. Сүүлийн үед гадаад дууны тэмцээн их болж байгаа. Энэ хүүхдүүд чинь эх хэлээ ч олигтой эзэмшээгүй. Зөв сайхан ярьж чадахгүй байхад гадаад дууны тэмцээн уралдаан гэж ирээд л зохиомлоор туйлшруулах нь зөв юм уу? Би асууж байгаа юм шүү. Түүнээс хэн нэгний үйл ажиллагааг энд шүүмжлэх гэсэнгүй.

Хэрвээ үнэхээр англи хэлийг сүрхий эзэмшүүлэх, дуучин болгох сонирхолтой юм бол тэр гадны тайзан дээр нь очоод өрсөлд л дөө. Тэнд нь очоод ёстой түрүүлнэ үү, хог шороо болоод үлдэнэ үү. Тэгж л байж хүн болно шүү дээ. Урлаг өөрөө ийм шалгууртай байхгүй юу. Зохиомлоор уран бүтээлчийг хэзээ ч бий болгодоггүй. Хөлсөө урсган хөдөлмөрлөж байж урлагт өөрийн гэсэн орон зайтай болдог.

-Ааваасаа зэмлэл хэр сонсдог байв?

-Зөндөө ш дээ.Гэхдээ зодож нүдэхгүй л дээ (инээв). Агуу хүмүүсийн үг үнэ цэнтэй байдаг гэдэг. Би аавынхаа үг бүрийг тунгааж явдаг. Бас агуу зохиолч Р.Чойном гуайн хэлсэн энгийн сайхан үгнүүд байна. Бавуугийн Лхагвасүрэн гуай, зарим эдийн засагчдын үгийг их сонсох дуртай. Бас гадаадын монголч эрдэмтдийн үгийг сонсох дуртай. Арай өөр өнцгөөс юм ярина.

-Танай гэр бүлийнхэн хамтарч тоглолт хийх бодол байдаг уу?

-Бодож үзээгүй юм байна. Болохгүй юм байхгүй л дээ. Нээрээ тоглолт хийвэл миний аавыг таньдаг хүмүүс Латифийн хүүхдүүд алдаж онож, унаж, тусаад ч гэсэн хүн болж л байгаа юм байна гэж харах байх даа. Үзэгчид манай гэр бүлийн гишүүдэд их хайртай юм билээ. Ялангуяа манай Нураад, аавтай ч их адилхан. Би нэг удаа Пүрэвбадам гуайтай уулзсан. Тэгэхэд “Энэ өргөөний үүд хаалга миний хоёр дүүд нээлттэй шүү. Аавынхаа уран бүтээлийн тоглолтыг хийгээрэй” гэж хэлж байсан.

www.dnn.mn

Э.Ариунзул