02.10

Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий үеэр тамирчид зодолджээ

ОХУ-ын Хабаровск хотноо бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Уг тэмцээнд манай хоккейчид урд хөршийнхөнтэй тоглож, 7:5-аар хожиж, VII байрт шалгарсан байна. Монголын шигшээ багийн ахлагч Ч.Пүрэвдаваагаар удирдуулсан хоккейчид уг тэмцээнд гурван хожил, нэг тэнцээ, хоёр хожигдол хүлээжээ. Тэмцээний үеэр Латвийн багийн тамирчин Давидс Давис Орловсийг манай тамирчин зодсон байна. Энэхүү тоглолтоор манай баг Латвийн багт 11:5 харьцаатай хожигдсон аж. Зодоон багагүй хугацаанд үргэлжилсэн бөгөөд Монгол тамирчны нэрийг дурдаагүй гэнэ. Тоглолтын явцад манай хоккейчид зүй бус тоглож байснаас болж хоёр тамирчныг талбайгаас хөөсөн аж. Бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” ангилалд есөн баг өрсөлдсөнөөс “А” хэсэгт Япон, Латви, Эстони, Унгар, “В” хэсэгт Монгол, Голланд, Герман, БНХАУ, Сомали улсын багууд багтсан. Манай хоккейчид хэсэгтээ БНХАУ, Сомалийг хожиж, Голландын багтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Энэ хэсгийг Голланд тэргүүлсэн бол Герман, Монгол, БНХАУ удаалав. Сомалийн баг нэг ч хожил авалгүй IX байрт шалгарчээ.