жан Себастъяан Жак нь Оюутолгойн гэрээний хоёрдугаар шатны хэлэлцээрт Рио Тинтог төлөөлөн оролцож, гол шийдвэрийг гаргасан хүн юм. Монголын нөхцөл байдал, хүсэл хяслыг сайн мэдэх захирал Рио Тинтог удирдах болсон нь анхаарал татах үйл явдал гэж хэлэхэд болох биз ээ-
Дэлхийн зэс, нүүрсний салбарын магнат Рио Тинто группын орлогч захирлын албыг хашдаг Жан Себастъян Жак энэ оны долдугаар сараас Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэхээр болжээ.
Одоогийн захирал Сэм Уолш долдугаар сар хүртэл ажиллаад чөлөөнд гарах бөгөөд түүнийг залгамжлагчаар Жан Себастъян Жакийг томилохоор хувь нийлүүлэгчид нь шийдсэн байна. Рио Тинтогийн нэгдүгээр хүн болох захирлуудын зөвлөлийн Ерөнхийлөгч Жан де Плесси энэ тухай албан ёсоор зарлаад байна.
Жан Себастъян Жак нь дэлхийн ашигт малтмалын салбарт JS буюу Жи Эс нэрээр алдартай гэнэ. Тэрбээр 1971 онд Франц улсад төрсөн бөгөөд шинжлэх ухааны магистрын зэрэгтэй бөгөөд Рио Тинтод сүүлийн 15 жилийн турш тасралтгүй ажиллаж, карьераа ахиулсаар ирсэн байна. Ингэхдээ Жак Европ, Африк, Зүүн Өмнөд Ази болон Энэтхэг, АНУ дахь Рио Тинтогийн салбаруудад ажиллаж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийд хоёрдугаарт бичигддэг уул уурхайн энэ аварга корпорацийн зэс, нүүрсний салбарыг удирдаж ирсэн байна.
Мэдээж хэрэг зэс, нүүрсний салбарыг толгойлдгийн хувьд карьерт нь Монгол буюу тодруулбал Оюутолгойн ордтой холбоотой хэсэг ч бичигджээ. Тэрбээр Монголын Засгийн газартай байгуулсан Оюутолгойн гэрээний хоёрдугаар шатны хэлэлцээрт Рио Тинтог төлөөлөн оролцож, гол шийдвэрийг гаргасан хүн юм. Хамгийн сүүлд Улаанбаатарт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ирж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурсан.
“Оюу толгой” төслийн хүрээнд дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагаас нийт 4.4 тэрбум ам.долларын зээл босгож, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх санхүүжилтийг татаж чадсан Рио Тинтогийн амжилтыг ноён Жан Себастъяантай холбон үздэг. Түүнийг энэ удаад Рио Тинтогийн өндөр албан тушаалд томилогдох болсон талаар мэдээллийн томоохон агентлагууд дамжуулахдаа дээрх баримтыг ч сануулж байх аж.
[riotintowins2]
Рио Тинтогийн шинэ захирал Жан Себастъяан Жак монголчуудын найдвар тавьж буй Оюутолгой төслийг, түүнээс дутуугүйгээр Монголын улс төр, гадаад зах зээл, нөхцөл байдлыг тун сайн мэдэх хүн юм. Хэдийгээр Рио Тинто манай хамтрагч гэлээ ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаас үүдэлтэй үл ойлголцлууд улс төрийн хүрээнд болон нийгэмд маргаан дагуулсаар ирсэн. Энэхүү нөхцөл байдлыг эерэг зүгт өөрчлөх, ойлголцлыг нэмэгдүүлэх талаар Монголыг сайн мэдэхийн хувьд шинэ захирал нааштай хандлага үзүүлэх байх гэж ажиглагчид харж байна. Мөн нөгөө талаар түүнийг Оюутолгойн гэрээний хоёрдугаар шатны хэлэлцээрийн үеэр хатуу байр суурь баримталж байсан гэдэг утгаар нь болгоомжлон хүлээн авах хэсэг ч байгаа бололтой. Юутай ч Монголын нөхцөл байдал, хүсэл, хяслыг сайн мэддэг захирал Рио Тинтог удирдах болсон нь анхаарал татах үйл явдал гэж хэлэхэд болох биз ээ.
Энд дурдахад Рио Тинтогийн Ерөнхий захирал Сэм Уолш ажлаа өгөхөөр болсон мэдээний дараа Rio Tinto компанийн үнэт цаасны үнэ нэмэгдэж байна. Лхагва гарагийн үдийн үед Лондоны хөрөнгийн бирж дээр уул уурхай ба металлургийн компанийн нэг хувьцааны үнэ өмнөх өдрийн арилжааны хаалтын 20.38 фунт стерлингээс ($29.16) 5.62 хувиар нэмэгдсэн байв.
Британи-австралийн уул уурхай, металлургийн компани Rio Tinto 1873 онд байгуулагджээ. Rio Tinto нь хөнгөн цагаан, зэс, алмаз, алт, аж үйлдвэрийн эрдэс бодис (боратууд, титаны диоксид , давс), төмрийн хүдэр, нүүрс, уран олборлон үйлдвэрлэдэг. Компанийн төлөөлөл дэлхийн 40 оронд байдаг бөгөөд төмрийн хүдрийн олборлолт ба экспортоор дэлхийн томоохон үйлдвэрлэгч гэгддэг. Өнгөрсөн онд Rio Tinto компанийн алдагдал $866 сая доллар байлаа. Компанийн зах зээлийн хөрөнгөжилтийн үнэлгээ нь $53.14 тэрбум доллар.
Ерөнхийдөө Рио Тинтогийн захирал тэтгэвэртээ гарч шинэ захирал орыг нь залгамжилж байгаа энэ явдлыг дэлхийн уул уурхайн салбар, тэр дундаа зэс, нүүрсний салбарт тохиогоод байгаа ханшийн уналт, хямралтай нөхцөлд энэ компанийг залуурдаж ажиллах шинэ удирдлага, шинэ бодлого хэрэгтэй байгаатай холбон хэвлэлүүд тайлбарлаж байна.
www.politik.mn