Улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлын мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Манай мэдээллийн сайтын энэ долоо хоногийн онцлох контент “Х.Баттулгыг улстөрөөс явуулах ерөнхийлөгчийн санаа биелэх үү?” ярилцлагыг ЭНД дарж уншина уу?
Ерөнхийлөгч фэйсбүүк, твиттерчдийг цуглуулж, Х.Баттулгын эсрэг ажиллагаа явуулав.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттерийн жиргээчид, фейсбүүкчидтэй уулзахдаа УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон асуудлаар байр сууриа хатуухан илэрхийлсэн нь олны анхаарлыг татав. Тэрээр "Улстөрч нь улс төрөө, бизнесмен нь бизнесээ л хийх хэрэгтэй" гэсэн битүү утгатай өгүүлбэр чулуудаж, Х.Баттулга, М.Оджаргал хоёрыг нэг нутгийнх, хоорондоо эвээ олох хэрэгтэй гэсэн үгээр зөөлрүүлэв. Энэ нь өнгөн дээрээ М.Оджаргалыг бизнесээ хийж, Х.Баттулгыг улстөрчөө хийгэээд яв гэсэн утгаар ойлгогдсон байж болох. Гэвч улс төрд орж ирчихээд хулгай хийх гээд улайраад байх хэрэггүй гэсэн үгээрээ тэр Х.Баттулгыг онилсон нь тодорхой. Тавантолгойн асуудлаас болж, нэлээд эртнээс хоорондоо санал зөрөлдөх болсон Х.Баттулга, ерөнхийлөгч хоёрын зөрчил сонгуулийн өмнөхөн ингэж хурц шатандаа шилжив.
Ерөнхийлөгч Х.Баттулгыг "Улстөрөөс яваад өг" гэж хэд хэдэн удаа шахаж, сануулж байсан гэх.Гэтэл нөгөө талд ерөнхийлөгчийн "Чи бол улстөрч хүн биш. Цэвэр бизнесмен" гэх үгний эсрэг Х.Баттулга өөр логик хийж эхэлсэн. Тэр нь "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлэг дээр хөтлөгчөөр оролцсон байдал. Х.Баттулга эл нэвтрүүлгийг ил далд хэлбэрээр санхүүжүүлдэг гэдэг утгаараа даам гарах биш, эсрэгээрээ "төрийн хүн" болж нэвтрүүлэгт өнгө зассан санаа юм. Үүнийгээ ч зориуд гарган хэлдэг. "Би парламемтад өчнөөн жил суучихлаа. Одоо би төрийн хүн болсон. Бизнес надаас холдсон. Би одоо бизнесийн салбарт ажиллаж чадахгүй" гэдгээ маш тодорхой илэрхийлдэг.
Улмаар хэвлэлийнхэнд яриа өгөх бүрдээ "Номон дээрээ бичсэн байгаа ш тээ, ном унш аа" гэх үгээр "Миний мэдэх женко Х.Баттулга" номоо санал болгодог нь учиртай. Өөрийнхөө сайн найзаар захиалгаар бичүүлсэн энэ ном Х.Баттулга хэн байгаад хэн болсон тухай тодорхой өгүүлсэн. Тодруул хэлбэл, тэр жинхэнэ бизнесмен байгаад жинхэнэ улстөрч болон төлөвшсөн гэдгээ маш сонирхолтой хэлбэрээр бичүүлж, нийтэд ойлгуулахыг зорьсон гэж болно. Чухам ийм үеийг тооцоолж, масс өөрийг нь ойлгоход зориулан эртнээс пиараа эхэлж, ном хүртэл бичүүлсэн нь нууц биш юм.
Энэ мэтээр АН-ынхан сонгууль болохын өмнө нэгнийгээ намнаж буй нь эргээд сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлөх аюултай.Тиймээс намаа удирдаж сонгуульд оролцох хүний хувиар З.Энхболд дарга хүссэн хүсээгүй эвийн гагнаас болох нь. Гэвч асуудал цаашид хэрхэн хурцдахыг таашгүй билээ. Ямартай ч ерөнхийлөгчийн зүгээс Х.Баттулгыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх саналыг намдаа тавьсан гэдэг нь тодорхой болсон билээ. Хэнийг хаана нэр дэвшүүлэх, хэнийг дэвшүүлэхгүй байх эрх зөвхөн намын даргад бий. Тэгэхээр одоо З.Энхболдын шийдвэр хамгаас чухал хүлээлт үүсгэж, нөгөө талд АТГ-ын "үүрэгдсэн" ажиллагаа хэр амжилттай өрнөхийг хүлээх л үлдлээ. Мөнхүү Х.Баттулгын маш хүчтэй баг сөрөг дайралтад бэлэн байгааг ч мартаж болохгүй билээ.
Л.Цог, Г.Уянга нар эвслээс гарч, О.Баасанхүүд үнэд оров

Р.Гончигдорж цэцэд нэр дэвшиж, П.Очирбат АН-ын нөлөөнд автав

Үндсэн хуулийн цэц одоогоор гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй. Харин энэ сарын дундуур улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд Р.Гончигдоржийг цэцийн гишүүнээр нэр дэвших асуудал орж ирсэн байна. Гэвч уг асуудлыг шүүгчдийн зөвлөл хэлэлцэлгүй үлдээжээ. Учир нь, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанааг эргүүлэн татсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, нэр бүхий шүүгчид цэцэд гомдол гаргасан байна.
Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшиж буй тохиолдолд гишүүнийхээ үүрэгт ажлыг хүлээлгэн өгсөн байх учиртай. Харин Р.Гончигдорж гишүүний тухайд цэцийн асуудал сөхөгдөж эхлэх үеэр нэр дэвшинэ гэсэн яриа түгэж байсан ч өөрөө үгүйсгэж байсан юм. Тэгвэл энэ удаа Р.Гончигдорж гишүүн цэцэд нэр дэвших хүсэлтээ өөрөө Дээд шүүхэд гаргасан нь баттай болов. Гэвч өөрөө цэцийн гишүүнээр ажиллах хүсэлтээ өглөө гээд асуудал эцэслэн шийдэгдчихгүй. Эрх баригч нам цэцтэй эв түнжин муу байгаа энэ үед цэц хүлээн авахаас татгалзах өнцөг ч байж болох юм.
Ийнхүү Р.Гончигдорж гишүүний асуудал намжаагүй батал цэц дээр АН-ынхан нөлөөллийн асуудал дахин үүсэв. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нэгэн хачирхалтай шийдвэр гаргажээ. Тодруулбал, цэцээс УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэх иргэний өргөдөлд үүсгэсэн маргаанаа цуцалсан билээ. Энэ тухайгаа өчигдөр иргэн Б.Энхбаярт бичгээр мэдэгджээ. Өмнө нь иргэн Б.Энхбаярын цэцэд гаргасан өргөдлийг цэцийн гишүүн П.Очирбат хянан үзээд, маргаан үүсгэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Зүй ёсоороо бол маргаан үүсгэсэн эл асуудал их суудлын хуралдаанаар хэлэлцэгдэх учиртай. Гэтэл П.Очирбат гэнэт УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хууль хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэнээр цэц дээр хэлэлцэгдэхгүй нөхцөл байдал үүсэв. П.Очирбатын маргаан үүсгэх асуудлаас үүдэн, АН-ынхан ээлжит бус чуулганыг хүч түрэмгийлэн хуралдуулж, намын дотоод асуудал нь хүртэл хурцдаж ирсэн байдаг. Ийм нөхцөл байдал үүсгэж, их шуурга тавьсан мөртлөө П.Очирбат гэнэт шийдвэрээсээ буцсан нь түүнийг нөлөөнд автсан, эрх ашгийн зөрчилд орсон гэх хардах өнцөгийг үүсгэж байгаа юм. Энэ нь П.Очирбат цэцийн даргыг нөхөн томилох, сонгуулийн жагсаалт наймаалцах зэрэг томоохон асуудлууд дээр УИХ-ын даргатай тохироо хийсэн байж болох талтайг харуулж байгааг эх сурвалжууд онцолжээ.
Г.Түвшинжаргалыг цагдан хорих нь зөв & буруу

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, улмаар шүүхийн шийдвэрээр 14 хоног саатуулахаар болсон билээ. Давж заалдах шатны шүүх ч саатуулан хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Г.Түвшинжаргалыг хөхүүл хүүхэдтэй бөгөөд улстөрийн зорилгоор энгийн ажилтныг саатуулж, хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэх шүүмжлэлийг олон нийт илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн хорих анги дээр очиж, хүүхдийг нь хөхүүлэхийг шаардсан бол Л.Эрдэнэчимэг гишүүн болон Хууль зүйн байнгын хорооноос ЦЕГ-ын дарга н.Чингист хандан, суллахыг шаардсан албан бичиг хүртэл илгээв.
Цагдаагийн ерөнхий газраас Г.Түвшинжаргалыг хүүхэдтэйгээр уузлуудах нөхцөл боломжоор хангана гэж мэдэгдсэн ч хүүхдийг нь ганц удаа хөхүүлээд дараа долоо хоногт ир хэмээн, дахин уулзуулахаас татгалзсан юм. Энэ бүхэнд Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам дургүйцлээ илэрхийлж, “Энэ чинь хүнлэг энэрэнгүй ардчилсан улс уу, миний зүрх хашгирч байна” хэмээн мэдэгдэл хүртэл хийв.
Энэ талаар Г.Түвшинжаргалын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар энэ үеэр "Бид Г.Түвшинжаргалтай ганцхан удаа уулзсан. Өчигдөр очоод дахиад уулзах гэтэл нэг уулзсан бол болоо дахин уулзуулахгүй гээд ар гэрийнхнийг нь оруулаагүй. Миний үйлчлүүлэгч надад “дандаа шар будаатай адууны цувдаа идсээр байгаад хөх чинэрээд, хагараад байна. Ядаж сүүгээ саах аяга байхгүй жорлон руу сааж байна. Би одоо аргаа барлаа өлсгөлөн зарлалаа” гэж хэлсэн. Үнэхээр буруутай байсан бол өлсгөлөн зарлахгүй байсан. Хамгийн гол нь хүүхэд нь л өрөвдмөөр байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Харин Г.Түвшинжаргал өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлахаар болж буйгаа мэдэгдэж, захидал бичсэн хэдий ЦЕГ-аас өлсгөлөн зарлах хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй гэх тайлбарыг Баасан гарагт хийсэн юм. Г.Түвшинжаргал захидалдаа “би бага насны 2 хүүхэдтэй, том охин 9 настай, бага хүү ой 7 сартай, хөхөөр хооллодог, одоогийн байдлаар өвчтэй асран халамжлах хүн шаардлагатай байна. Иймд дээрх тулгаж буй зүйл заалтуудыг болон цагдан хорьж буй үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж батлан даалтад гарах хүртэл хугацаагаар өлсгөлөн зарлаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” хэмээн дурдсан юм.
Б.Мөнгөнтуяаг цагаатгаж, Л.Гансүхийн ялын хугацааг багасгалаа

Шинэчлэлийн Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэргээр Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэрээр Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон бөгөөд Н.Даваахүүд төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, 15 сая 360 мянган төгрөгөөр ял ноогдуулж, үүнээс байцаагдан хоригдсон 44 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон торгох ялын хэмжээг 6 сая 912 мянган төгрөг болгон өөрчилсөн юм.
Харин Б.Мөнгөнтуяад холбогдох Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Ингэснээр Б.Мөнгөнтуяа 200 хоног хилсээр хоригдсоны нөхөн олговор болох 38 сая 400 мянган төгрөг төрөөс нэхэмжлэх боломжтой бөгөөд сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан орлогын хохирол, өмгөөлөгч хөлсөлсний зардлаа нэхэмжлэх эрх нь нээлттэй гэсэн мэдээлэл явж байсан.
Харин төрийн холбогдох байгууллагуудын зүгээс Б.Мөнгөнтуяагийн хэргийг цагаатгаагүй, хэрэгсэхгүй болгосон учраас төрөөс нөхөн төлбөр авах боломжгүй гэх тайлбарыг хийгээд байгаа юм. Ийнхүү олон нийтэд нээлттэй хэлбэрээр анхан шатны шүүх хурал нь явагдсаны ачаар Б.Мөнгөнтуяа ялгүй үлдэж, Л.Гансүхийн ялын хугацаа багассан ч гэж болно.
Цацраг идэвхт хаягдлын асуудлаар ээлжит бус чуулган зарлагдлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын даргын захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. Үүнд:
1/Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
2/Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
3/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
4/Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
5/Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.
Чуулган завсарласан хойно Аюулгүй байдал байнгын хороогоор маш нууцын зэрэгтэйгээр хэлэлцэгдэж байсан уг асуудлуудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр Ан-ынхан хүч түрэмгийлэн оруулж ирэхээр харагдаж байна. Уг үзэгдлийг сошил ертөнцөөр хүчтэй эсэргүүцэж, олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулагдах асуудал хүртэл яригдаж буй юм. Ээлжит чуулган эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хулгайн замаар оруулж ирж буй цөмийн хог хаягдалын асуудал өмнө нь сөхөгдөж байсан хэдий ч олон нийтийн хүчтэй эсрэгүүцэлтэй тулснаар намжиж байсан билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монгол улс хэзээ ч цөмийн хаягдалыг эх орондоо булшлахгүй" гэж НҮБ-ийн индэр дээрээс мэдэгдэж байсан удаатай. Гэвч ээлжит бус чуулганаар уг асуудал хэлэлцэгдэхээр дахин орж ирж буй нь ард түмний дургүйцлийг төрүүлээд буй юм.
Ж.Мядагбадам
Эх сурвалж: www.TODAY.mn