Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчдийн хурал өчигдөр хуралджээ. ҮЭ-ийн Холбооноос Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаанд доорхи шаардлагыг хүргүүлэхээр тогтоол гаргасан байна. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2016 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 3.4, 3.16-р заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 115.1-ийг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаанд доорхи шаардлагыг тавьжээ.
Үүнд: 1. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт ажилтнуудад 2015 оны жилийн ажлын үр дүнгийн урамшуулал /13 дахь сарын цалин/-г олгох
2. 2014 оны 9-р сараас хойш 3 удаа ҮЭ-ийн Холбооноос тавьсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт ажилтнуудын үндсэн ба тарифт цалинг 25 хувиар нэмэгдүүлэх саналыг шийдвэрлэх.
3. Компанийн удирдлагуудын урамшуулал, ахуй хангамжийн тухай цахим сүлжээгээр гарч байгаа мэдээллийн талаар нийт ажилтнуудад албан ёсны тайлбар өгөхийг тус тус шаардаж байна.
4. Дээрхи шаардлагыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаанд хүргэхийг ҮЭ-ийн Холбооны дарга Н.Батбаатарт даалгасугай.
5. Энэхүү шаардлагыг хэрэгжүүлэх талаар анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга, тэргүүлэгчид, ҮЭ-ийн бүлгийн зохион байгуулагчид, ҮЭ-ийн нийт гишүүд нэгдмэл зохион байгуулалттай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг уриалсугай" гэсэн тогтоол гаргажээ.


www.tsag.mn