03.29

“Эрдэнэт” үйлдвэрийг зуу зуун тэрбумаар нүхэлсэн хэргийг намжаах уу

2011 онд “Эрдэнэт” үйлдвэрийн найдваргүй болсон авлага 96 сая ам.долларт хүрсэн гэдгийг тухайн үед Удирдах зөвлөлийн хурлаараа ярилцаж байсан юм. Энэ хэмжээний мөнгийг хэн нь идсэн бэ гэх асуудал “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд дунд өрнөв. Тус үйлдвэрийн Гадаад худалдаа хариуцсан захирал Х.Оюунцэцэгийг солих асуудал яригдаж, Мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар саяхан томилогдсон Д.Ганбат гэдэг нөхрийг МАН-ын доторхи хотын фракцийнхан зүтгүүлжээ.

-МАН-ЫН Д.ГАНБАТЫН ҮЕД ШАЛГАЛТААР 500 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН

Х.Оюунцэцэг захирлаар ажиллах үедээ шахааны бизнесийнх нь том сэжүүрийг олж харсан гэгддэг. Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхболд, ХХААХҮ-ийн сайд байсан Т.Бадамжунай тэргүүтэнд түүний энэхүү байр суурь таалагдаагүй аж. Үндэсний аудитын газраас 2012 онд “Эрдэнэт” үйлдвэрийг шалгахад 500 орчим тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Гэвч тус үйлдвэр нь эдгээр санхүүгийн зөрчлөө тэр бүр арилгаж ажиллаж чадаагүй байна. 2013 онд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд хэдэн төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан нь ч тодорхойгүй байдаг. Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр өөрсдөө шууд гэрээ хийгээд, ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлж болох байсан. Гэвч дарга нь өөр компаниар дамжуулан гэрээ хийж, дунд нь мөнгө нугалж иддэг байсан нь санхүүгийн хяналтаар тогтоогдчихсон юм. Тодруулаад хэлбэл "Аж богд трейд", "Эс Си Эм", "МҮХК" гэдэг гурван компани нийлээд нэг тонн ган бөмбөлгийн бэлдэцийг 715 ам.доллараар Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс авч байгаа мөртлөө дунд нь нугалаа гаргаж, “Эрдэнэт”-д 920 ам.доллараа шахдаг байсан аж.

Үндсэн хөрөнгийн болон бараа худалдан авахдаа гаргасан гээд нийтдээ 500 тэрбум төгрөгийн зөрчилтэй ажилласан “Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд идэж уухаа багасгаагүй байна. 500 тэрбум төгрөг хаашаа, ямар зорилготой, хэний халаас руу орсон бэ гэдгийг хянахаар хууль хяналтын байгууллагынхан, энэхүү санхүүгийн актуудыг 2013 онд Үндэсний аудитын газраас авсан байдаг. Энэ бол тухайн үед МАН-д өгсөн хамгийн том цохилт юм.

Ингээд зогсохгүй “Эрдэнэт” үйлдвэр 2013 онд 176 тэрбум төгрөгийн худалдан авалт хийхээр төлөвлөж байжээ. Тэгтэл Төрийн өмчийн хорооноос мониторингийн судалгаа хийж үзэхэд үүнээс 40 тэрбум төгрөгөөр авах гэж байсан сэлбэг хэрэгсэл агуулахад нь байсныг илрүүлж. Энэ нь цаагуураа дарга нарын “Эрдэнэт”-ийг шахааны бизнес, ашиг олох бай болгож байсныг хэлээд байгаа юм. Үеийн үед ийм нүдээр “Эрдэнэт”-ийг хардаг байж.

Тухайн үед үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах гэрээгээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн нэрсийг зарлаж, цаашид хамтрахгүй гэж мэдэгдсэн. Энэ жагсаалтад 105 компанийн нэр ярайтал жагсчээ. Жагсаалтад бичигдсэн компаниудын дотроос 11 нь “Эрдэнэт” үйлдвэрээс 95 хүртэлх хувийн урьдчилгаа хөлс авсан боловч ямар ч үйлчилгээ үзүүлээгүй, бүтээгдэхүүн нийлүүлээгүй гэнэ. Тиймээс Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс энэ хэргийг шалгаж эхэлжээ. Чухам ямар замаар, хэний зөвшөөрлөөр дээрх компаниуд 1.5 сая ам.доллар хүртэлх урдьдчилгаа авсан мөртлөө энэ олон жил юу ч хийгээгүйг хуулийнхан мөрдөж эхэлжээ. Энэ үйл явдлаас болж МАН-ынхан ихэд сандарч байсан нь мэдээж. Гэтэл өнөөдөр эл хэдэн зуун тэрбумын хэрэг явдал бүдгэрч, намжих болсны учир юу вэ.

Э.БҮҮВЭЙ

www.medee.mn