03.29

Б.Сарантуяа: 100 гаруй шүүгчийн орон тоо байгаа ч тэднийг цалинжуулах төсөв алга

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сард нэг удаа “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Өчигдөр уг хурлаа хийсэн бөгөөд тус зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон зөвлөлийн гишүүд хуваагдан аймгийн шүүхүүдэд ажиллаж, орон нутагт Шүүхийн шинэтгэл ямар байгаа талаар танилцаад ирсэн тайлангаа тавив. Ингээд төвийн бүсэд ажилласан Монгол Улсын гавьяат хуульч, ШЕЗ-ийн гишүүн Б.Сарантуяатай ярилцлаа.

-Гурван жилийн хугацаанд яригдаж байгаа Шүүхийн шинэтгэл хэр хэрэгжиж байна. Үр дүнгийнх нь талаар яривал?

-Ерөнхийлөгчийн батлуулсан Шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхийн шинэтгэл өнгөрсөн 2014 оноос эхэлсэн гэж ойлгож болно. Шинэтгэлээрээ Давж заалдах шатны шүүхийг тойргийн хэлбэрт оруулж дагнасан шүүхүүдийг байгуулсан юм. Давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн танхимууд дагнасан бол, анхан шатны шүүх тухайн үедаа дагнаж чадаагүй байсан. Ингэхдээ шүүхийн шинэчлэл цаашаа гүнзгийрэх ёстой болсон. Гэтэл өмнөх жилд нь санаачилсан Шүүхийн шинэчлэлийн тухай хууль Үндсэн хуулийн цэц дээр унасан учраас дахин шүүхийг зохион байгуулж, Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн оны долдугаар сарын 15-наас эхлээд  анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, улсын Дээд шүүх дагнасан хэлбэрээр хууль нь хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилт шүүгч нар болон шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн талархлыг хүлээсэн. Тиймээс шүүгч, иргэд шүүхийг дагнасан хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаа.

-Та төвийн бүсэд ажиллаж, аймгуудын шүүхийн үйл ажиллагаа болоод  шүүхийн шинэтгэл хэр байгаатай танилцсан гэлээ. Энэ талаараа?

-Би Орхон, Дархан, Эрдэнэт хот, Сэлэнгэ аймагт ажилласан. Эдгээр аймгууд төвийн бүс бөгөөд олон хүн амтай. Улаанбаатар хотын дараа ордог ачаалал ихтэй шүүхүүд. Эдгээр аймгууд шүүхийн шинэчлэлийн бодлогын хүрээнд үнэхээр сайн ажиллаж байна. Иргэд шүүмжлэхгүй байна. Ганц нэг иргэн хувь хүнийхээ үүднээс шүүмжлэл хэлж байгаа ч тэр нь шүүхийн шинэтгэлтэй холбогдох зүйл биш. Ерөнхийдөө шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдэд шүүхийн шинэчлэл үр дүнтэй болсон гэдэг. Ялангуяа дагнасан хэлбэрээр шүүн таслах ажиллагаа явуулж байгаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, үр дүнтэй байна гэсэн сэтгэгдлийг сонсч ирлээ.

-Орон нутагт дагнасан шүүх байгуулъя гэхээр эдийн засгийн хувьд боломжгүй асуудал болчихоод байгаа талаар танай дарга ярьсан. Уг нь мөнгө л байвал бүх аймагт шүүх байгуулах боломжтой юм байна?

-Тийм. Мөнгө л байвал орон нутагт давж заалдах шатны шүүх байгуулах боломжтой. Гэвч манайхаас хамаарах зүйл биш, эдийн засгаас хамаарах асуудал болчихоод байгаа учраас хэцүү юм. Хуучин бол аймаг бүхэн давж заалдах шатны шүүхтэй, шүүгч бүхэн эрүүгийн ч иргэний ч хэрэг шийддэг байсан. Өөрөөр хэлбэл, шүүн таслуулах ажиллагааг хэрэгжүүлэхээр үдээс өмнө иргэний хэрэг шийдчихээд, үдээс хойш эрүүгийн хэрэг шийдээд явахаар шүүгч мэргэшиж чадахгүй байх дутагдалтай байсан нь үнэн. Нөгөө талаар шүүхийн шийдвэр үр дүнтэй болж чадахгүй байлаа. Одоо шүүх нь дагнаад, шүүгч нь мэргэшээд ирэхээр нэг чиглэлээ судалж, нэг чиглэл рүүгээ хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэж байгаа ач холбогдолтой зүйл юм.

-Шүүгчийн хараат бус байдал алдагдсан. Шүүгчид нөлөөлж шийдвэр гаргуулах тохиолдол цөөнгүй байдаг гэсэн иргэдийн гомдол бий. Үүнд танайхаас ямар хяналт тавьж ажилладаг вэ?

-Шүүхийн хараат бус байдал өмнө үзэгдээгүйгээр сайжирсан гэж хэлж болно. Эрхзүйн орчинд шүүгч хараат бусаар ажиллах нөхцөл сайн бүрдсэн. Шүүгчид хэн нэгэн албан тушаалтан, дарга цэрэг нөлөөлөх юм бол шүүгч хэрэг шийдэхтэй холбогдуулан “надад нөлөөлөх гэж байна” гээд нөлөөллийн мэдүүлгээ бичээд өгчих юм бол тэрний дагуу арга хэмжээ аваад явчихна. Нөгөө талаар шүүн таслах ажиллагаа буюу том маргаантай хэрэг шийдвэрлэхэд үнэхээр хэцүү шүү дээ. Шүүгч рүү өндөг, савтай ус чулуудах гэх мэтээр шүүгчийг хэн ч хамгаалдаггүй байсан. Одоо бол тахарын албаны хамгаалалтад орсон. Тиймээс Шүүгч хараат бусаар шүүн таслах ажиллагаа явуулах бүх нөхцөл бүрдсэн.

-Одоогоор 140 шүүгчийн орон тоо сул байгаа гэсэн. Үүнд шүүгчдийг ямар сонгон шалгаруулалтаар авах вэ?

-Улсын хэмжээнд 718 шүүгчтэй байх ёстойгоос өнөөдрийн байдлаар 496 шүүгч ажиллаж байна. Үнэндээ 100 гаруй шүүгчийн орон тоо бий. Гэтэл энэ шүүгчдийн цалин байхгүй учраас нэмж сонгон шалгаруулалт зарлаж чадахгүй, боломжгүй болчихоод байна. Бүрэлдэхүүн байхгүй шүүхүүдийг бүрэлдэхүүнтэй болгохын тулд, эсвэл тэтгэвэрт гарсан шүүгчийнхээ орон тоонд оруулах замаар сонгон шалгаруулалт явуулж байна. Төсөв хөрөнгө нь хангалттай байгаад цалин мөнгө нь асуудалгүй бол сонгон шалгаруулалт зарлана.

-13 шүүгчийн асуудал яригдаад удлаа. Энэ асуудал юу болсон бэ?

-2013 онд шүүхийн шинэчлэлийн хүрээнд 12 шүүгчийг томилох тухай зарлиг гараагүй юм. 2015 онд нэг шүүгчийн зарлиг гараагүй бөгөөд нийлээд 13 шүүгчийн асуудал бий. ШЕЗ бол шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүхүүдээс шүүгч нарыг ажлаас нь чөлөөлөөд бүх байгуулагдсан шинэ шүүхүүдэд дээрх шүүгч нарыг томилуулсан. Харин эргүүлээд буцаан томилох асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барьсан. Энэ дагуу Ерөнхийлөгч 12 шүүгчийн зарлигийг гаргаагүй юм. Энэ асуудлыг хүмүүс ШЕЗ-тэй холбож тайлбарлаад байдаг юм. Манайх нэрсийг нь өргөн барьсан. Тэгээд томилогдоогүй юм чинь энэ асуудал манайд хамаагүй. Тэдгээр шүүгч томилогдоогүй учраас одоо орон тоо нь ч байхгүй болсон доо.

 -Дүүргүүдийн нэгтгэсэн шүүхийг эргүүлэн задлах талаар мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?

-Дүүргүүдийн эрүүгийн шүүхийг шүүхийн шинэтгэлийн хүрээнд нэгтгэсэн. Хэрвээ дүүрэг бүхэнд шүүх байгуулъя гэж үзэх юм бол байгуулж болно. Гэхдээ заавал тэр дүүрэгт, энэ дүүрэгт гэх мэтээр нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг ярих нь гол бишээ. Хамгийн гол нь үндсэн хуульдаа нийцүүлэн байгуулах юм бол болно шүү дээ.

О.Сайхан

www.zaluu.com