Бизнесийг дэмжих, өмгөөлөх эрхэм зорилгынхоо хүрээнд МҮХАҮТ-өөс бизнес эрхлэгчддээ “нээлттэй өдөрлөг” зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгчдэд хандан нээлттэй өдөрлөг хийж, мэдээлэл өглөө. Уг өдөрлөгийг Засаг даргын орлогч С.Гантулга, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа нар нээж үг хэлсэн юм.
Эх сурвалжийн хэлж байгаагаар Баянзүрх дүүрэгт томоохон захууд үйл ажиллагаа явуулдаг төдийгүй худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэд олон байгад учир танхимын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд Танхимын гишүүнчлэлийн давуу талын талаар Гишүүнчлэлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Алтанцэцэг мэдээлэл өгсөн. Мөн Экспортыг дэмжин хөгжүүлэх газрын дарга Ч.Цэцэгмаа бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжийн талаар мэдээлэл өгсөн бол Жижиг дунд үйлдвэр хөрөнгө оруулалтыг дэмжих газрын дарга Н.Долгормаа жижиг дунд бизнесийг хэрхэн дэмжих тухай мэдээллийг хүрэлцэн ирсэн хүмүүст өгсөн юм.
Түүнчлэн аж ахуйн нэгж болгонд тулгардаг гэрээний эрх зүй, бизнесийн маргааны эвлэрүүлэн зуучлал, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцлийн тухай мэдээллийг МОУҮАрбитрын ахлах мэргэжилтэн Н.Батдорж өгч, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газрын мэргэжилтэн н.Надмидцэдэн бизнесийн төрөл бүрийн сургалтуудын мэдээллийг өгснөөрөө энэ удаагийн арга хэмжээ ач холбогдолтой байсан. “Нээлттэй өдөрлөг”-ийн дараа дээрх багш нар бизнес эрхлэгчдийн асуултанд хариулт өгсөн байна.