03.30

Зочид буудлын үйлчилгээнд 400 гаруй сайн дурын ажилтан шаардлагатай

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн 29 дүгээр хуралдаан гуравдугаар сарын 29-нд Төрийн ордонд болж, түнш зочид буудлуудын тогооч нарын ур чадварын уралдаан, сайн дурын ажилтнуудын талаар болон бусад асуудлыг хэлэлцлээ. 

Ажлын хэсгийн өмнөх хуралдаанаар гарсан шийдвэрийн дагуу ХХААЯ, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас түнш зочид буудлуудын зоогийн газрын тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх, тэдгээр зочид буудлуудад мөрдөх хоолны жишиг цэсийг хэвшүүлэх сургалтыг 4 дүгээр сарын 4-8-нд “Их Тэнгэр”-т зохион байгуулахаар боллоо.

АСЕМ-ын зочдод үйлчлэх буудлуудын зоогийн газрын 90 гаруй тогооч хамрагдах уг сургалтаар монгол үндэстний хоол, ази, европ үндэстний хоол, далайн гаралтай хоол болон  өглөөний цай зэрэг  4 төрлийн зоог бэлтгэх аж.

Мөн сургалтын сүүлийн өдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд түнш зочид буудлуудын удирдлагуудтай МХЕГ, ТТХГ, Кибер аюулгүй байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл уулзаж, аюулгүй байдлын нэгдсэн зөвлөмж өгөхөөр болов. 

Түүнчлэн “АСЕМ-11 ба Сайн дурынхны оролцоо” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор түнш зочид буудлуудад шаардлагатай сайн дурын ажилчдын тоог ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж батлав.

АСЕМ-ын зочдыг байрлуулах нийт 43 зочид буудалд 440 гаруй сайн дурын ажилтан хэрэгтэй бөгөөд эдгээрийг оюутан залуусаас бүрдүүлэхээр ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд АСЕМ-ын түнш зочид буудлуудын үйлчилгээний ажлын байранд бүртгүүлсэн иргэдээс авч ажиллуулахыг ажлын хэсгийн дарга П.Цагаан санал болголоо.

www.mnb.mn