Монголчууд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын бүтээсэн “Учиртай гурван толгой” дуурийг хэд ч үзэж, сонссон уйддаггүй бол Тавантолгойн нүүрсний ордыг тойрсон Ц.Элбэгдорж, З.Энхболд, “Женко” Х.Баттулга, “МСS”-ийн Д.Оджаргал, М.Энхсайхан гэсэн “Учиргүй таван толгой”-н хэрүүлийг хахаж цадталаа сонссоор өнөөдөр эхнээсээ уйдаж, “Ханаж цаддаггүй шуналтнууд” хэмээн хараацгааж байгаа.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь 6.4 тэрбум тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн бүлэг ордыг 1998 онд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Английн “BHP Billiton” компани хайгуулын тусгай зөвшөөрлөөр авсан боловч удалгүй буцааж өгсөн байдаг. Учир нь Англи ноёдод дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалт, борлуултын найдвартай байдал нь таалагдаагүй гэдэг.
Ингээд 2005 онд “Майн инфо”, Алтай трейдинг, Моннис, Шунхлай, Эм-Си-Эс, Петровис зэрэг дотоодын 14 компани хамтран консерциум үүсгэж, “Энержи Ресурс ХХК”-ийг байгуулан тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан түүхтэй. Улмаар 2006 онд “Энержи Ресурс” компани эзэмшиж буй Ухаа худаг дахь хайгуулын талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байдаг. Ингэснээр 2009 оноос тус бүлэг ордод уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас Д.Оджаргал, Х.Баттулга нарын тэмцэл туйлдаа хүрч, Тавантолгойгоос жийгдсэнтэйгээ “Женко” өнөөдөр ч эвлэрч чадахгүй гараа зангидсаар л яваа. Тэрээр Тавантолгойд эзэн сууж чадаагүй ч ямар ч гэсэн “Энержи ресурс” Д.Оджаргалаас хариугаа авч дөнгөсөн нь сүүлийн нэг жилд Ухаа худагийн уурхайд гарсан алдагдал, сул зогсолт, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд залуусын хороолол босч жинхэнэ халуухан амьдрал буцалж байсан бол өнөөдөр дээрх байрны эзэд өр зээлд баригдан ирээдүйдээ ямар ч итгэлгүй болсон, хэдэн арван мянган ажлын байрны хоосрол зэрэг “Энержи ресурс”-ын тойрсон жинхэнэ сүйрлээс харж болно.
Харин том Тавантолгойн хувьд удаан хугацаанд нийтийг хамарсан маргаан, хэлэлцүүлэг өрнөсний эцэст С.Баярын тэргүүлсэн Засгийн газар тус ордыг төрийн мэдэлд авахаар “Энержи ресурс” компанитай хэлэлцээр хийж Ухаа худагаас бусад талбайнуудыг төрийн мэдэлд шилжүүлэн авсан түүхтэй.
Тавантолгойн коксждог нvvрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээр эхний 10-т жагсаж байгаа ба IV давхаргын коксжих нvvрсний баяжмалын гарц нь 66.9%-тай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлvvлдэг нvvрснээс коксжих чанараараа мэдэгдэхүйц давуу ажээ. Vvнээс дөрөвдүгээр хэсгийн гол цөм нь ордын төвд, нөхцөл нь хамгийн сайн, нөөцийн хувьд 100-аас дээш жил vргэлжлэх боломжтойг Монголын геологчид олон жилийн судалгааныхаа үр дүнд тогтоосон байдаг.
Өнөөдөр ийм л их баялагт эзэн суухаар Монголын олигаржсан улстөр, бизнесийн бүлэглэлүүдээс гадна БНХАУ-ын “Шэнхуа энержи” зэрэг томоохон компаниуд “МСS”-ийн Д.Оджаргалыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй “Нүүрсний нам”-ын гол төлөөллүүд болох Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд М.Энхсайхан нарын дэмжлэгтэйгээр нэг талаас түлхэж байгаа бол нөгөө талаас УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй “Женко” Х.Баттулга чиглүүлэгчтэй УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, О.Баасанхүү дагалдагчидтай “Тавантолгойгоос жийгдэгчид” эрслэн тэмцэж эхлээд байна.
Мэдээж УИХ-ын дарга З.Энхболдын тодорхойлж байгаачлан “Тавантолгойгоос ямар ч мөнгө авахгүйгээр 2%-ийн рояалтигаар бэлэглэхээр улайрагчдад Монголын ард түмэн "ҮГҮЙ" л гэж хэлнэ. Хэрвээ буланд шахаж байгаад 70 жилээр ямар ч ашиггүй наймаа хийх гэж бодож байгаа бол санасны гарз. Хамгийн ноцтой нь "Энержи ресурс" авангуутаа маргааш нь "Шэнхуа"-д шилжүүлэх бүх зам нь нээгдсэн” нь үнэн бол Монголчууд “Нүүрсчдийн нам”-д салаавч үзүүлэх нь тодорхой.
Хамгийн гол нь “Нүүрсчдийн нам”-ын ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Сү. Батболд, Л.Энх-Амгалан, Г.Батхүү, Ч.Хүрэлбаатар, МАН-ын залуу лидерүүд болох Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил гээд тун олон эрхэм толгой хоргоддог нь илчлэгдсэнээр Монголын улстөрчид нам харгалзахгүйгээр хэрхэн олигархжсан бүлэглэлүүдэд хуваагддагийн нотолгоо болов.
Харин Монгол Улсын сайд М.Энхсайханы ахалсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын “но”-той гэрээнд гарын үсэг зурсан сайд нарыг огцруулна гэж байж Тавантолгойг “МСS”-д алдчихалгүй авч үлдсэн УИХ-ын дарга З.Энхболдын жигүүрийн гол хүн болоод байгаа “Женко” Х.Баттулгын хувьд хэзээнээсээ Тавантолгойд эзэн суухаар хөөцөлдсөн ч “МСS”-ийн Д.Оджаргалд далаараа тавиулсаар өнөөдрийг хүрсэнтэйгээ огтхон ч эвлэрч чаддаггүй нэгэн. Тиймдээ ч Тавантолгойг өрөндөө өгч, нэг удаа уужуухан амьсгаа авахаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд олон улстөрчийг халаасандаа хийчихээд байсан “МСS”-ийн Д.Оджаргалын дампуурал түүнийг тайвшруулж байгаа хамгийн гол амжилт, гартаа атгасан хөзөр нь болоод байгаа юм. “Женко” Х.Баттулгын багт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга гээд олон улстөрч бий. Тухайдбал Л.Эрдэнэчимэг гишүүн УИХ-ын дарга З.Энхболд нар нэг ижил байр суурьтай. Тэд Тавантолгойг "Энержи ресурс"-т яагаад ч алдаж болохгүй гэсэн хатуу байр суурин дээр зогсож байгаа. Тэд улс орны эрх ашигт харшилсан гэрээ байгуулсан Э.Энхсайханыг засгаас хөөх, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах хүртэл асуудлыг тавьж байсан түүх саяхных.
З.Энхболд, “Женко” нарын үзэж байгаагаар “МСS”-ийн ард Петровис, Шунхлайгаас гадна Монголын нам дамнасан улстөрийн бүлэглэл мөн Хятадын улстөр, бизнесийн томоохон бүлэглэл байгаа. Ийнхүү Монголын улстөр, бизнесийн хоёр том олигаржсан бүлэглэлийн "том зодоон” нэгэнт эхэлжээ. Мэдээж их дуу чимээтэй, хүрээлэл томтой ужигарсан нүдээн болох нь тодорхой. Дөнгөж эхлээд байгаа энэ “том зодоонд" аль тал нь хэрхэн ялахыг одоогоор тааж хэлэх боломжгүй. Хамгийн гол нь улстөр, бизнесийн олигаржсан хоёр бүлэглэлийн “том зодоон” Монголын нийгэмд л бүү гай тарьж, жирийн иргэдийн эрх ашиг, эрх чөлөөг хохироогоосой билээ. “Булууны яс булаалдсан ноход” шиг тэдний эрх ашиг, эд хөрөнгийн төлөөх тэмцэлдээн Монгол оронд маань л гай гамшиг битгий чирч ирээсэй, хор хөнөөл нь холуур өнгөрөөсэй.
www.mongolcom.mn