04.01

“Чингис хаан” олон улсын нисэх буудал 34 онгоцны зогсоолтой болжээ

АСЕМ-ийн 11 дүгээр дээд төвшний уулзалт долдугаар сард Монгол Улсад болох гэж буйтай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газар өөрөөсөө 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны  зогсоол, зорчигчдын орж, гарах танхимыг шинээр тохижуулан засварлаж байгаа аж. Энэ ажлын талаар өчигдөр АСЕМ-ийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Хэвлэлийн хуралд “Чингис хаан” ОУНБ-ын захирал Б.Бадрал, Төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн дарга М.Төгсбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо. Тэдний хэлж буйгаар “Чингис хаан” ОУНБ-ын засварын ажил дөрөвдүгээр сарын 20 гэхэд бүрэн дуусах юм байна. Өмнө нь “Чингис хаан” олон улсын нисэх буудал 25 онгоц зогсох зогсоолтой байсан бол АСЕМ-ийн уулзалтад зориулж,  4C ангиллын есөн онгоц зогсох зогсоолыг нэмж барьсан байна. Бусад нисэх буудал нь хөгжсөн оронд АСЕМ-ийн дээд төвшний уулзалтад уригдан ирсэн зочид нисэх буудлын тусгай зэрэглэлийн орох, гарах гарцаар үйлчлүүлж, бусад зорчигчид энгийн терминалаар үйлчлүүлэх боломжтой байдаг. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын тухайд  онгоцноос буусан зорчигчид наашаа гарч ирэх ганцхан терминалтай аж. 

Тиймээс АСЕМ-ийн уулзалтын үеэр буюу долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд орон нутгийн нислэгийг зогсоохоор төлөвлөжээ. Хэрэв Налайх дүүргийн нисэх зурваст онгоц бууж болно, аюулгүй гэдэг нь батлагдвал тэнд орон нутгийн нислэгийг буулгаж, хөөргөнө гэсэн тооцооллыг гаргажээ. Түүнчлэн зочдын аюулгүй байдал, нисэхийг тойрсон хамгаалалтын ажиллагааг хэрхэн  зохион байгуулах, хаана хамгаалалтаа байрлуулах вэ зэрэг аюулгүй байдлын зураглалыг ИНЕГ, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газартай хамтран гаргаж байгаа аж. Мөн гадны зочдын онгоцыг цэнэглэхэд 1100 тонн түлш шаардлагатай гэж ИНЕГ-ынхан тооцжээ. 

Одоогоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хоёр хувийн компани онгоцны сумлагаа буюу түлш цэнэглэлтийг хариуцан ажилладаг байна. Энэ хоёр компанийн нэг нь л гэхэд 2000 тонн түлш нөөцлөх савтай. Иймээс зочдын онгоц түлшээр тасалдана гэж айлтгүй хэмээн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хэлтсийн дарга М.Төгсбаяр ярилаа. Мөн тэрбээр “Онгоцны зогсоолоос гадна хөөрч, буух хатуу хучилттай зурвасын  хүчитгэлийн 500 метрийн болон перроны өргөтгөлийг давхар хийж дууссан. 

Мөн нисэх буудалд цагт 1200 зорчигч дамжин өнгөрөх  танхимыг шинээр тохижуулж, гадны төлөөлөгчид буцахад агаарын хөлөгт суух тусгай гарцуудыг төлөвлөлөө. Мөн шинээр есөн онгоцны зогсоолыг бий болгосон. Ингэснээр манай нисэх онгоцны буудал 34 агаарын хөлгийн зогсоолтой болж байгаа юм” хэмээн ярьсан. Гэх мэтчилэнгээр 52 орны төрийн тэргүүнүүд ирж, оролцох АСЕМ-ийн дээд төвшний уулзалтад “Чингис хаан” олон улсын нисэх буудлынхан бэлдэж байна. АСЕМ-ийн дээд төвшний уулзалтыг дагасан бага хурлууд мөн болно. Ирэх дөрөвдүгээр сарын 21, 22-ны өдөр хамгийн эхний дагалдах хурал болох юм байна. 
 

Эх сурвалж: www.mminfo.mn