04.01

“Нүүрсчдийн нам”-ын бүлэглэл хүний аминд хүрэх вий

Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдийн нэрлэсэн “Нүүрсчдийн нам”-ын бүлэглэл цадигаа алдаж байна. Тэднийг нэрлэсэн нь дээрх гишүүд болохоос улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. “Нүүрсчдийн нам” Тавантолгойг авахаар улайрч байснаа, авч чадаагүйдээ өширхөж хүний аминд ч хүрч мэдэхээр болчихлоо. Тавантолгойг “Энержи Ресурс”-д хөрөнгө оруулагч “ММС”-д үнэгүй шахам өгөх гэрээний төслийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-д оруулж ирсэн. Энэ гэрээг Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг шалгаж “Эдийн засгийн хувьд дампуурлаа зарлахад бэлэн болчихсон “ММС”-д Тавантолгойг өгч болохгүй.

Ийм компанид Тавантолгойг 60 жилийн хугацаатайгаар хоёр хувийн роялтигаар өгөх нь зүгээр бэлэглэчихэж байгаагаас ялгаагүй” гэдэг дүгнэлтийг гаргасан. Улмаар УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нарын гишүүд эсэргүүцэж байж Тавантолгойг авч үлдсэн. Үүнээс үүдэж “Нүүрсчдийн нам”-ын Монголын төртэй хийх дайн эхэлсэн гэхэд болно. “Нүүрсчдийн нам” гэдэг нь “ММС”-ийн ард байгаа улс төрийн том бүлэглэл.

Л.Эрдэнэчимэг гишүүний ярьснаар “ММС”-ийн ард “Эм Си Эс”-ээс гадна Петровис, Шунхлай, MCS-ээс гадна, Монголын нам дамнасан улс төрийн бүлэглэл мөн Хятадын улс төр, бизнесийн томоохон бүлэглэл бий. Тэд Тавантолгойн нүүрсний төлөө Х.Баттулга нарыг улс төрийн зорилгоор шалгуулж байгаа. Одоо бүр өш хонзондоо улайрч Төрийн ордоны тусгай хамгаалалттай бүсэд гэмт хэрэг үйлдэхийг санаархаж байна. Ерөнхийлөгч “Тавантолгойгоо хөдөлгөсөнгүй” гэж загнасны дараа өчигдөр Монголын эдийн засгийн форумын хаалтан дээр нэг нөхөр захиалгатайгаар УИХ-ын дарга З.Энхболдод халдахыг завдав. Энэ бол “Нүүрсчдийн нам” том “дайн” эхлүүлчихсэн байгаагаа олон нийтэд зарлаж байгаа хэрэг. Энэ дайнд “иргэд” өртөж, төр хохирох вий.

www.zaluu.com