04.04

Концессын гэрээгээр Ерөө, Хүдэр сумдыг авто замаар холбоно

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, аж үйлдвэрийн бодлого болон ЖДҮ үйлдвэрийг дэмжих сангийн зээл, Сум хөгжүүлэх сангийн зээлийн журмын өөрчлөлтүүдийн талаар үйлдвэр эрхлэгчдэд танилцуулж, санал бодлоо хуваалцлаа.

Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Пик девелопмент” ХХК, “Кью Эс Си” ХХК-иуд хамтран хэрэгжүүлж буй автозамын төслийн  ажлын явцтай танилцсан юм.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны дөрвөн замын уулзвараас Ерөө, Хүдэр сумыг холбосон 104.5 км авто замыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Авто замын ажил концессын гэрээгээр хэрэгжиж буй “Уул уурхай металлургийн цогцолбор” байгуулах төслийн хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог. Одоогоор авто зам барих ажлыг эхлүүлж, замын далан барих ажлуудыг хийж, гүйцэтгэжээ. Дараа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус суманд баригдаж буй гүүрийн ажилтай танилцлаа. Гүүрийн ажлыг “Ган гүүр” компани гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Нийт дөрвөн  тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж буй тус гүүрийн ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд үлдэгдэл санхүүжилтийг шийдэх шаардлагатай юм байна.