Биднийг бага байхад аав, ээж маань үгэнд орохгүй бол “хадны мангаа” дуудлаа шүү гэж айлгадаг байж билээ. Эсвэл танихгүй хүнд өгч явуулна гэж айлгана. Харин томчууд бие биенээ цагдаад өгнө, шалгуулна, шоронгийн хоригдол болгоод өгнө шүү гэх маягаар айлгах гэж оролддог байж билээ. Одоо ч нийгэм өөр болжээ, хөөрхий. Юун “хадны мангаа”. Хэрвээ тэгж хэлэх юм бол “Тэнэг хүн тэнэгээрээ л дуусах юм даа” гэдэг онигоо шиг л болох байлгүй. Одоо цагдаад өгнө гэвэл бараг дунд хуруугаа гозойлгоно. Харин албан тушаалтнуудыг бол АТГ-т өгнө гэвэл бага зэрэг айж магадгүй байх. Ийм л цаг үед бид амьдарч байна.
Гэхдээ бидэнд нэг “Хадны мангаа” бий нь ч бий шүү. Тэр нь фэйсбүүк. Өнөө цагт фэйсбүүк хаяггүй, ухаалаг утасгүй хүн ч гэж бараг л алга. Хаана, юу л болно, утсаараа зургийг нь аваад юм уу бичлэг хийгээд фэйсбүүкт тавьчихаж байгаа юм. Зарим тохиолдолд цагдаагийнхан иргэний оруулсан бичлэгийн дагуу хэрэг шалгаж байна. Нэг хурган дарга замын цагдааг элдвээр хэлсэн хэргийг ч шалгасан. Хоёр жолооч хоорондоо муудалцаад, нэг нь нөгөөгөө зодож байгааг ч фэйсбүүкээс хараад, цагдаагийнхан шалгасан. Гэх мэтээр хүмүүс олон нийтэд фэйсбүүкээр дамжуулж юу хамаагүй түгээж байна. Ийм байхад бие биенээсээ айхгүй, болгоомжлохгүй гээд яах билээ. Тэр дундаа олны танил хүмүүс, дарга нар айхгүй гээд яах вэ дээ.
Тэр битгий хэл энгийн иргэн ч айхгүй бол болохгүй. Нэг дургүй хүрсэн хүнийхээ зургийг фэйсбүүк рүү оруулаад, юу ч гэж бичээд, тараад болно. Бусад хүмүүсээр үзэн ядуулж, цааш нь дамжуулуулсан ч болж байна. Тухайлбал, дургүй хүргэсэн хүүхнийхээ зургийг оруулаад, “манай нөхөртэй явалдсан балайр амьтан” гээд элдэв янзаар бичээд, хартал нь шейрлээд өг гэж хийдэг явдал маш их болсон. Эсвэл бусдын хаячихсан утсыг олж аваад, дотор нь байсан нүцгэн зургийг хамаа замбараагүй тарааж, охидыг амиа хорлоход хүргэж байгаа хэрэг ч гарч байгаа. Тийм болохоор фэйсбүүкээс айхгүй гээд яах билээ.
Ер нь сүүлийн үед хүн бүр л “Фэйсбүүк дээр тавь” гэдэг үгийг хэрэглэдэг болж. Төрийн өндөр албан тушаалтай хүмүүс энд тэнд явахад иргэд нь байнга утсаараа бичлэг хийж, зураг авах жишээтэй. Алдаа гаргахыг нь анаж байгаа юм уу, хаашаа юм. Эсвэл хоёр хүн жаахан хэрүүл хийхээрээ л утсаа гаргаж ирээд, зураг авч, бичлэг хийдэг болж. Саяхан нэг зоогийн газар хоол авах гээд зогсч байтал хуушуур авсан залуу бөөн хэрүүл үүсгэв. Хуушуурных нь мах бага байна гэж хэрэлдэхгүй юу. Гэтэл зоогийн газрынхан нь мөчөөгөө яаж өгөх билээ, өөрсдийгөө өмөөрч л таараа. Гэтэл хуушуур авсан залуутай хамт яваа хүмүүс нь “Зургийг нь аваад фэйсбүүк рүү хийчих” гэж ирээд л бөөн юм болохгүй юу.Нөгөө талынхан ч бас тэдгээр залуусын зургийг авч, фэйсбүүк руу “Соёлгүй залуучууд” гэж хийнэ хэмээн дайрах нь тэр.
Фэйсбүүк руу хуушуурны мах бага байна гэж хийгээд ч яах юм. Дараагийн удаа орохгүй байхад л хангалттай шүү дээ, таалагдахгүй байгаа л бол. Зоогийн газрынхан нь залуусын зургийг авч, фэйсбүүкт орууллаа ч яалаа. Хэн ч тоохгүй. Харин ч нэр хүндээ унагаж, нэг хэсэг үйлчлүүлэгчээ алдахын л нэмэр. Түүний оронд уучлал гуйгаад, хуушуурныхаа махыг нэмье ээ гээд хэлчихвэл шал өөр. Гэтэл аль аль нь фэйсбүүкээр айлгах гэж оролдоод л сууж байна. Ийм л нэг “хадны мангаа”-тай болчихоод байна даа. Яг үнэндээ бол фэйсбүүкээр хэнийг ч од болгож болж байна. Хэнийг ч ад болгож ч болж байгаа юм хойно, яалтай билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Болд