04.04

Ц.Элбэгдорж: Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй

Н.Алтанхуяг өнөөдөр мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр “Өнөөдөр Монголын төрд, Монгол улсад шударга ёсны хямрал нүүрлээд байна. “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэж ардын зүйр үг бий. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж буй хүмүүсийн нэгийг өнөөдөр энд нэр цохон хэлэхээс өөр арга алга. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс өнөөх шударга бусын хонгилоос айдаг юм. Хэлмэгдэхээс айдаг юм. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө үгээ хэлж байна. Тэр хүн бол шударга байцгаая гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс төрсөн тэрбумтны бүлэглэл энэ мэдэгдэлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулан “авлигатай тэмцэх” амаргүй ажилд маань саад учруулж байгаа мэтээр ард түмнээс минь тусламж хүсэж, жүжиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас, ойр дотны хүмүүст маань хэдий аюултай ч би айхгүй ээ. Өөртэй нь үгсэн хуйвалдадгүй учир над руу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, дарамт шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүүр илүү идэвхжих нь тодорхой” хэмээн онцолсон. 
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг мэдэгдэл хийсний дараа “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” хэмээн жиргэсэн байна.