УИХ дахь МАН-ын бүлгээс "Тариалангийн хууль: Тариаланчдад тулгамдсан асуудал" хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт газар тариалангийн бүс нутгаас УИХ-д сонгогдсон гишүүн Н.Энхболд, Ж.Эрдэнэбат, Су.Батболд нар оролцож Хөвсгөл, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган, Сүхбаатар, Увс аймгийн 32 сумаас ирсэн 300 гаруй тариаланчдын санал бодлыг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан юм. Хэлэлцүүлгийн үеэр тариаланчид “2015 онд 150 тэрбум төгрөгөөр буюу ихэнх мөнгөөрөө уринш хийсэн болохоор одоо бэлэн мөнгөний хомсдолд орсон, нийт ургацынхаа 80 гаруй хувийг алдсан. Засгийн газар 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан боловч одоо болтол олгоогүй. Хөнгөлөлттэй зээлийг олготол тариалалтын ажил эхлүүлэх боломжгүй болсон. Арилжааны банкаар дамжуулан зээл авъя гэхээр тариаланчид бүгд зээлтэй, барьцаанд тавих хөрөнгөгүй, барьцаагаа бүрдүүлээд зээл авъя гэхээр хугацаа нь тулсан гэх мэт олон бэрхшээл тулгараад буйгаа хэлсэн. Хэлэлцүүлэгт ирсэн тариаланчдын ард 300 мянга гаруй ажлын байр, 1000 гаруй компани, аж ахуйн нэгж, хувь иргэдийн аж амьдрал, цаашлаад улс орны хоол хүнсний асуудал яригдаж” гэдгийг уулзалтын үеэр онцлон ярьж байсан юм.
Тариаланчид энэ сарын 15-нд жагсана
Мөн тариаланчид Засгийн газарт хандаж шаардлага хүргүүлсэн бөгөөд энэ сарын энэ сарын 15-нд эрх ашгаа хамгаалахын төлөө төв талбайд жагсахаа мэдэгдлээ. Үүнээс гадна тариаланчдын зүгээс ХХАА-н сайд Р.Бурмаагийн гаргасан 70 гаруй компанид гурил, буудай импортоор оруулж ирэх квотыг хүчингүй болгох, 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хэсэгчилж хуваалгүй бүтнээр нь олгох хэрэгтэй гэж байсан юм. Газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендер ченжийн гараар дамжин зах зээлийн үнээс 50 хувиар илүү үнэтэй ирж байгааг мөн зохицуулж өгөхийг хүсч байсан юм. Тодруулбал, БНХАУ-д 50 сая төгрөгийн үнэтэй трактор тариаланчдын гар дээр 100 сая төгрөгт хүрч дамлагдаж байгаа нь хүндрэл учруулж байгаа гэж байсан юм.
Тариалан эрхлэгчдийг дэмжих санг тариаланчдын мэдэлд өгөх санал гаргалаа
Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Чинбат "2015 онд улсын хэмжээнд нийт тариаланч иргэд, аж ахуйн нэгжүүд 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амссан. Энэ бол улстөржилт, ажлаа мэддэггүй сайдуудын балаг. Сүүлийн дөрвөн жилд энэ салбарт гурван сайд солигдлоо. Газар тариалангийн салбар эмчилгээ авахааргүй, таяг тулаад ч босохооргүй болтлоо сульдлаа. Газар тариалангийн салбарын уналт нь тариаланчид бидний залхуугаас болоогүй, өнөөгийн төрийн дампуу байдлаас болсон. Тиймээс энэ байдлыг даван туулах 10 жилийн хугацаатай, аль ч намын үед хэрэгжих боломжтой нэгдсэн бодлоготой болъё" гээд Тариалан эрхлэгчдийг дэмжих санг тариаланчдын мэдэлд өгөх санал дэвшүүлсэн юм.
Тариаланчдыг машин техникээ шатаахгүй байхыг хүсэв
Тариаланчид энэ сарын 15-нд болох жагсаалын үеэр техник хэрэгслээ шатааж эсэргүүцлээ илэрхийлэн жагсана гэж мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тариаланчдын эрх ашгийг хамгаалж, үүсээд буй асуудлыг шийдэхээ илэрхийлж, жагсахдаа тариаланчдын хөлс хүч шингэсэн техник хэрэгслээ шатаах хэрэггүй гэж зөвлөв. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд хөнгөлөлттэй зээл олгох, импортын буудайн квотыг хүчингүй болгох чиглэлээр МАН-ын бүлэг Засгийн газарт шаардлага тавьж шийдвэрлүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллана гэв. УИХ-ын гишүүн Су.Батболд тариаланчид төдийгүй улс оронд үр дүнгээ өгсөн Атрын III аян шиг дараагийн аяныг зохион байгуулах шаардлага ч бий болно гээд асуудлыг аль болох эв зүйгээр шийдвэрлэх ёстой гэлээ.
Ийнхүү тариаланчдаас гарсан санал хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, тариаланчдын өмнө тулгамдаж байгаа дээрх асуудлыг шийдүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдсэн юм.