04.09

”Маркетинг конференц 2016” болно

“Эм Эл Си Трейнинг” ХХК нь 2012 оноос эхлэн Монголын компаниудын маркетингийн менежерүүдэд зориулан жил бүр “Бие Биенээсээ Суралцъя” уриан дор маркетингийн салбарт үйл ажиллагаа явуулдаг сургалт, судалгааны байгууллагуудтай хамтран Маркетингийн Менежерүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ удаагийн Маркетингийн Менежерүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг 2016 оны 4 сарын 22-ны Баасан гаригт зохион байгуулахаар болсон бөгөөд тус зөвлөгөөн Хаан банкны “Хаан театр”-т болно. Мэдээллийн технологийн эрин зуунд маркетингийн арга, хэрэгсэл, дэд бүтэц, агуулга, технологи улам баялаг болж сонгодог маркетингийн онол, практик орчин үеийн мэдээллийн технологитой хөл нийлүүлэн асар хурдтай хөгжиж байна. Худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Монголын компаниудын хооронд зах зээлийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр маркетингийн шинэ хүчтэй арга, хэрэгслийг ашиглан давуу байдал олж авах, хадгалах, үүний тулд мэргэжлийн маркетингийн шилдэг ажилтнуудаас бүрдсэн алба, нэгжийг байгуулах, тэднийг өөрчлөгдөн хувьсч байгаа шинэ нөхцөлд ажиллах ур чадварыг байнга хөгжүүлж сургах шаардлага бий болж байна.