04.13

С.Ганболд: Сав түүгээд явж байгаа эхийг харахаар өөрийн эрхгүй халаасаа тэмтэрдэг

“Ногоон сэтгүүлч” ТББ, “МУХАХА” уран бүтээлийн нэгдэл хамтран эх, үрс, гэр бүлд зориулсан “Агай шавдал хатан, Араг улаан Хонгор” хэмээх содон номыг эрхлэн гаргасан байна.
Хавтсанаасаа л монгол өв уламжлал, хэв загвар “үнэртэх” уг ном нь монголчуудын хүүхэдтэй холбоотой уламжлалт зан заншил, ёс домын тухай цогц мэдээлэл агуулснаас гадна хоёр сая хүртэл төгрөгийн хөнгөлөлт эдлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлтийн купон багтаажээ.
 
Мөн “Жангар”-ын баатруудыг шинэ адал явдлаар баяжуулж, бүх дүрийг баримлын шавраар бүтээжээ. Энэ мэт олон содон өнгө аясыг авчирсан уг номыг шинэ хүнээ угтаж авсан эх, гэр бүлд барих хамгийн том оюунлаг бэлэг хэмээн зохиогчид ярьж байна.
Тиймээс ажлын хамт олон, найз нөхөд, хамаатан саднаараа шинэ хүнийг эргэх гэж байгаа бол “Агай шавдал хатан, Араг улаан Хонгор” номыг бэлгийн жагсаалтдаа заавал оруулахыг зөвлөж байна.
Энэ тухай номны зохиогч Г.Батзориг, С.Ганболдтой нартай ярилцлаа.     

  
-Юуны өмнө эх, үрсэд зориулсан сайхан ном гаргасанд баяр хүргэе. Манай улсад хүүхдийн контент цөөн байгааг шүүмжилдэг. Уг номыг яагаад гаргахаар шийдсэн бэ?
Г.Б:-Баярлалаа. Номны санаа жилийн өмнө төрсөн. Бага охин маань төрөхөд ямар нэр өгөх үү гэж их бодсон. Ингээд номын сан орж монголчуудын хүүхдэд нэр өгөх ёс уламжлалын тухай ганц, хоёр ном сонирхож үзсэн. Ингэхэд монголчуудын хүүхэдтэй холбоотой уламжлалт зан заншил, ёс дом маш нарийн утга агуулгатай, хүүхдийн хүмүүжил, хүн болгон төлөвшүүлэх арга ухаан гайхамшигтай болохыг илүү их мэдэж, сонирхож эхэлсэн. Мэдээж ээж, аав маань биднийг бага байхад өвөг дээдсийнхээ өв уламжлалыг өвлүүлэн хүмүүжүүлж ирсэн.
Гэхдээ сургууль соёл, ажил амьдрал гээд амьдралын завгүй урсгалд тэр болгоныг мартаж, ерөнхий төсөөлөл төдий болдог юм байна. Ингээд үр хүүхэдтэй болохыг цагт эцэг эх л хажууд байхгүй бол хүүхдэдээ нэр өгөх, угаалга үйлдэх зэргээс эхлээд монголчуудын баримтлах ёс уламжлалыг хэрхэн гүйцэтгэх, утга билэгдэл нь ямар байх тухай сайн мэддэггүй. Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гээд ерөнхий баримжаатай яваад байдаг.
Гэтэл үр хүүхэд маань өсч том болно. Энэ үед эцэг хүн сэвлэгийг нь ёс төртэй, уламжлалынх нь дагуу үргээгээд сайхан ерөөл тавьчихдаг байх хэрэгтэй. Ялангуяа, хүүхдийг бага байхад үйлддэг дом, уламжлал нь зүгээр нэг сүсгийн зүйл гэхээс илүү тухайн хүүхдийг эрүүл саруул, зөв өсгөн бойжуулах, хүмүүжүүлэх, элдэв эрсдэлт зүйлсээс хамгаалах утга санаа агуулагдаж байдаг.
Тиймээс залуу гэр бүлд зориулж монголчуудын эх, хүүхэдтэй холбоотой уламжлалт зан заншил, ёс домны тухай цогц мэдээллийг номонд оруулахаар шийдсэн. Мэдээж монголчуудын өв уламжлал бол далай мэт арвин юм. Номыг жил бүр эрхлэн гаргах тул уг далайгаас мэдээллийг цэгцтэй, цогц байдлаар түүвэрлэн авна.
Үүнээс гадна номны бас нэг онцлог бол эх, хүүхэд, гэр бүлд зориулсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах купон оруулж өгсөн явдал юм.
Энэ нь шинэ хүнээ угтаж авч байгаа, бага насны хүүхэдтэй гэр бүлийн төсөвт чамгүй нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаа.

-Хөнгөлөлтийн купонууд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хамарч байгаа вэ?

С.Г:-Сүүлийн жилүүдэд эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор олон гэр бүлд тодорхой бэрхшээл учирч байгааг үгүйсгэхгүй. Шинэ хүнээ хүлээж авсан айлд маш олон хэрэглээ бий болдог. Ихэнх хэрэглээ нь зайлшгүй байдаг.
Өлгий, живх бол заавал авахгүй л бол бодоггүй зүйл. Монголчууд хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж хэлдэг дээ. Тиймээс бид гэр бүлүүдэд зориулж маш бодитой хөнгөлөлт үзүүлэх купон оруулж өгөхийг хичээсэн. Нөгөө талаас хүүхэд бол бурханаас илгээсэн энэ ертөнцийн хамгийн ариун, гайхамшигтай бэлэг юм. Энэ бяцхан үрсэд бага ч болов бэлэг барих боломж олдоно гэдэг их сайхан, утга билгэдэлтэй, буянтай үйл гэж бодож байна. Тиймээс номтой хамтарч ажилласан бүх хамт олонд талархал илэрхийлье.
Хөнгөлөлтийн купон хүүхэд төрөхөөс эхлээд өсөн бойжиход шаардлагатай бүх л бараа, үйлчилгээг хамарсан байгаа. Ингэхдээ бид бүтээгдэхүүн, үйлчилгээг чанартай, хөнгөлөлтийн хувийг маш бодитой байхад ихээхэн анхаарсан. Жишээ нь манай номонд орсон “Mom & Baby” дэлгүүрийн орос өлгий Монгол Улсын стандартыг бүх талаар хангасан, өнгө, загварын хувьд хамгийн олон сонголттой байгаа. Мөн иж бүрдэл нь олон, хамгийн гол нь үнэ хямд юм. Дээр нь номонд орсон 10 хувийн хөнгөлөлтийн купоныг аваачиж өгөөд илүү хямдруулж авах бололцоог олгож байгаа. 

Живх бол өрхийн төсвийн гол хэрэглээг авдаг. Ялангуяа, хүүхэд бага сартай байх үедээ сард 120-130 мянган төгрөгийн живх хэрэглэдэг судалгаа байдаг. Олон улсад бол үүнээс ч өндөр дүнтэй гардаг юм билээ. Тэгвэл бидэнтэй хамтран ажиллаж буй живхний компани 17 хувийн бодитой хөнгөлөлт өгч байгаа. Ингэхдээ энэ сараас эхлээд 2016 он дуустал сар бүрийн хэрэглээний живхийг хөнгөлөлттэй авах боломжтой.
Багахан тооцоолол хийж үзэхэд дунджаар сар бүр 20 гаруй мянган төгрөг, жилдээ 200 гаруй мянган төгрөг хэмнэх боломж олгож байгаа. Мөн хүүхдийн арьс арчилгааны болон бусад хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг 15 хувийн хөнгөлөлттэй үнээр авах бололцоотой.
Хүүхэд өвдөнө гэдэг их хэцүү. Манайхтай хамтран ажилласан хүүхдийн эмнэлгүүд үзлэгэндээ 30 хувь, шинжилгээндээ 20 хувь, шүдний эмчилгээнд 20 хувийн хөнгөлөлт өгсөн байгаа. Эдгээр хөнгөлөлтүүд нь үнэ нэмчихээд тэрнээсээ хөнгөлж байгаа биш, яг зах зээлийн бодит ханшаас бодитой хөнгөлсөн хөнгөлөлтүүд гэдгийг дахин хэлмээр байна. Энэ мэтээр хүүхэд харах үйлчилгээ, хүүхдийн тоглоом, тоглоомын төв, хувцас хэрэглэл, хүүхдийн кафе, гэрэл зургийн студи, гэр бүлийн амралт сувилал зэрэг олон бараа, үйлчилгээг 30 хүртэл хувиар хямдруулсан.

-Тэгвэл шинэ хүнээ хүлээж авсан ээжүүдэд бэлэглэвэл их гоё бэлэг болох нь ээ?

Г.Б:-Тэгэлгүй яахав, бидний үндсэн зорилго маань энэ юм. Бэлгийн карт гэж байдаг. Манайх үүнтэй ижил гэж болно. Номонд орсон бүх хөнгөлөлтүүдийг эдэлснээр хоёр сая хүртэл төгрөгийн хэмнэлт хийх бололцоотой. Тиймээс ажлын хамт олон, найз нөхөд, хамаатан садангууд нь шинэ төрсөн хүнээ эргэхдээ энэ номыг бэлэг болговол номны агуулга, эдийн засаг талаасаа ч бүрэн нийцнэ. Ном хүүхдэд зориулсан их сайхан ерөөлөөр эхэлж байгаа. Номны өнгө дизайныг гаргахын тулд маш удаан суусан. Үндэсний хээ угалз, хэв загварыг шингээж өгсөн тул зөвхөн Монгол гэлтгүй гадаадад байгаа найз нөхөд, үр хүүхдэдээ илгээвэл онцгой содон бэлэг болж чадна. Номны нэг гол онцлогийг ярилгүй орхисон байна. Энэ бол “Жангар”-ын баатруудыг шинэ адал явдалд хөтөлж туульсийн хэлбэрээр бичигдсэн үлгэр юм.

-Тууль гэхлээр их содон сонсогдож байна?

Г.Б:-Бид үндэсний өв соёл, уламжлал гэдэг зүйлийг номны агуулга, дизайн зэрэг бүх чиглэлд барихыг хичээсэн. Монголчууд эрт дээр үеэс хүүхдэдээ бага байхаас нь тууль хайлж, заримд нь цээжлүүлдэг байсан уламжлалтай.
Орчин үед энэ уламжлал алга болж байна. Туулийн арвин баялаг үгийн сан, хэт хэтрүүлэг, баатарлаг үйл явдлын өрнөл нь хүүхдийн хүмүүжил, сэтгэн бодох, биеэ дайчлах, зоримог, тэсвэр хатуужилтай болоход чухал үүрэг гүйцэтгэдэг тухай сургасан байдаг.
Тухайлбал:
Орчлонгийн сайхан Минъяан
Орд өргөө рүү орохдоо
Далан хүн даадаггүй
Даамай хүнд үүдийг
Дал мөрөндөө хүргэлгүй
Давуулж тотгон дээр шидээд.... гэх зэргээр хэт хэтрүүлэгтэй дүрслэлийг насанд хүрсэн хүн тэр бүр төсөөлж бодоод байхгүй бол харин хүүхдийн оюун сэтгэхүйд энэ нь гайхалтай уран төсөөлөл, зөгнөлийг үүсгэдэг. Давхар тотго гэж гэрийн аль хэсгийг нэрлэдэг болох, гэрийг орд, өргөө гэх зэргээр олон янзаар хэлэх, маш хүнд гэхээс гадна даамай гэх зэргээр илүү хүнд зүйлийг илэрхийлдэг гэх зэргээр танин мэдэхүйг нь хөгжүүлэх юм.
Туулийн үйл явдал их сонирхолтой байдлаар өрнөж байгаа. Мөн бичлэгийн хэлбэрийг хүүхдэд зориулж тодорхой хэмжээнд хялбарчилж өгсөн.

Манай уран бүтээлийн баг “Жангар” туульд суурьлаж баатруудыг нь шинэ адал явдалд хөтөлсөн үлгэрийг тууль хэлбэрээр бичихийг хичээсэн. Өөрөөр хэлбэл, Жангар туульд шинэ адал явдал нэмж, шинээр бичсэн гэсэн үг. Мөн бүх дүрийг баримлын шавраар хийж, студид гэрэл зургийг нь авч оруулсан. Зурвал илүү хялбар, зардал багатай  байсан л даа.
Гэхдээ хүүхдүүд номонд гарч байгаа баатруудыг өөрсдөө харж, баримлын шавраар хийж бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлээсэй гэж хүссэн юм. Манайд байгаа хүүхдийн номны нийтлэг хандлага бол мэргэжлийн зураачаар зуруулсан нарийн чимэглэлтэй зургууд байгаа. Харахад гоё ч хүүхэд хайртай баатраа баримлын шавраар дуурайлгаж хийх, харж зурахад хэцүү байдаг. Ингээд гадуур зарагдаж байгаа үлгэрийн баатрын жижиг сувинер, зурагт хуудас зэрэг бэлэн зүйл худалдан авдаг. Харин манай номны бүх дүрийг баримлын шавраар хийсэн тул хүүхдүүд дуурайж хийхэд их дөхөм байна. Энэ нь хүүхдийн гарын ур дүй, бүтээлч байдлыг хөгжүүлэхээс гадна хийсэн зүйлээсээ урам авах сэдлийг хөгжүүлэх болно.

-“Миний дурсамж” гэсэн бүлэг сонирхолтой санагдсан?

С.Г:-Тийм ээ. Бид номоо хүүхэд, гэр бүлд хадгалуулахыг хүссэн. Иймд “Миний дурсамж” гэсэн бүлгийг оруулж өгсөн байгаа. Үүнд эргээд харахад дурсамж сэргээх, давхар баримт болох гол гол мэдээллүүдийг тэмдэглэж үлдээх боломжтой юм.
Тухайлбал, төрсөн он сар өдөр, анх төрсөн үеийн жин, өндөр, аав ээжтэйгээ авхуулсан анхны зураг, нэрний утга учир, аав ээжийн хүүхэдтэй болсон анхны сэтгэгдэл, хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсдэг тухай гэх зэргээр тэмдэглэж үлдээх хэсгүүд бий. Хожим номоо нээгээд харахад их сайхан дурсамжууд дурайх болно. Номны өв уламлжлалын мэдээлэл эцэг, эхэд нь, үлгэр хүүхдэд нь, купон нярай хүүхдэд нь гэх зэргээр гэр бүлийн гишүүн бүрт зориулсан гэж болно.

-Номыг жил бүр эрхлэн гарган гэж сонссон?

С.Г:-Бид эх, хүүхдэд зориулсан шинэ контент үүсгэхийг зорьж байна. Зарим хүн байнгын хэрэглээ болсон номоо ширээний ном гэж ярьдаг. Яг үүнтэй адил манай ном залуу эцэг, эхэд зориулсан “ширээний ном” болоосой гэж хүсч байгаа. Тиймээс жил бүр улам шинэлэг санаагаар баяжуулж хөгжүүлсээр байх болно. Ер нь гурван талын оролцоог хангасан байдлаар хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа.

Нэгдүгээрт, дээр дурдсанчлан номонд агуулагдсан өв уламжлалын мэдээлэл, үлгэр туульс, зураг чимэглэл нь оюуны хэрэгцээг хангаад зогсохгүй зайлшгүй худалдан авалт хийдэг бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй үнээр авах бололцоог эцэг, эхэд олгох явдал юм. Өөрөөр хэлбэл, уншигчдад аль ч талаасаа өндөр үр өгөөж өгдөг байх учиртай.   

Хоёрдугаарт, хүүхдийн чиглэлээр бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд танилцуулга мэдээллээ зорилтот бүлэг рүү хандаж байршуулдаг байх. Энэ нь сурталчилгаа мэт боловч залуу эцэг, эхэд мэдээлэл болж хүрч байгааг онцлох нь зүйтэй. Тухайлбал, хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг ямар төв, хүүхдийн бие бялдарыг чийрэгжүүлэх ямар амралт сувилалын газар байна гэх зэргээр өөрт шаардлагатай үйлчилгээ, мэдээллийг олж авч байгаа юм. Ялангуяа, хүүхдэд зориулсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг манай номоор дамжуулж хамгийн түрүүнд мэддэг байгаасай гэж хүсч байгаа. 

Гуравдугаарт, номны борлуулалтын орлогоос олон хүүхэдтэй эмзэг бүлгийн эхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа. Цаашлаад төрөх эмнэлгүүдийн ганц өрөөг ч гэсэн тохижуулаад өгөх, жижиг аппарат ч болов аваад өгөхийг зорьж байна. Энэ бол нэг талаас номын уншигч, нөгөө талаас хүүхдийн чиглэлээр бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүдийн хамтын үр өгөөжийг тусламж хэрэгтэй гурав дахь ч бүлэг рүү чиглүүлж байгаа явдал юм.

Өнөөдөр хэдэн хүүхдээ өсгөхийн төлөө зовлон бүхнийг давж яваа олон эх бий. Би хоёр хүүхдээ дагуулчихсан шуудай дүүрэн хуванцар сав үүрчихсэн яваа эх хүнтэй таарч байсан. Үнэхээр сэтгэл өвдөж өөрийн эрхгүй халаасаа тэмтэрдэг. Мянган төгрөгөөр хоёрхон буудал газар такси бариад харихаас илүү тэр эх хүнд ганц талх ч болов аваад хоёр хүүхдийнхээ ходоодыг баярлуулахад 1000 төгрөг илүү хэрэгтэй. Тийм ч учраас энэ номыг гаргахад бизнесийн зорилгыг урьтал болгоогүй. Ер нь хүүхэд гэдэг хамгийн ариун, гэм хоргүй цайлган цагаан “амьтан” байдаг. Тэд Монгол Улсын жолоог атгаж, эх орноо удирдан чиглүүлэх болно. Тиймээс хүүхдийн төлөө чин сэтгэлтэй, зорилго үйлс нэгтэй хамт олон, хувь хүнтэй хамтран ажиллахад ямагт бэлэн байна.

-Та бүхний зорьсон бүхэнд бүтэх болтугай?

-Баярлалаа. Манай ном номын бүх дэлгүүрээр худалдаалагдаж байгаа. Мөн 98889884, 99049771 дугаарын утсаар захиалж, үнэгүй хүргүүлэх бололцоотой. Түүнчлэн Эх үрсдээ барих бэлэг, ерөөл гэсэн фэйсбүүк хуудсаар зочлоорой гэж хүсмээр байна.  Бидний үйлсийг дэмжиж хамтран ажиллах хүсэлтэй бүх хүнд нээлттэй гэдгийг хэлье.
Монголын бяцхан үрс бүхэн эрүүл сайхан торних болтугай.

-Ярилцсанд баярлалаа.