04.14

Парк дундуур авто зам тавих уу

 АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалт манай улсад болохтой холбоотой маш олон ажлууд өрнөөд байгаа. Мэдээж үүний дотор араасаа асуудал дагуулсан ажил ч цөөнгүй байгааг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл “Шангри Ла” зочид буудлыг эзэмшдэг МСS компани АСЕМ-ын зочдын үйлчилгээний стандартад нийцүүлэн парк дундуур авто зам тавих шаардлагатай гэж үзэж байгаа бол нийт 12 га газрыг нь эзэмшдэг “Бодь” групп газар дээрээ тийм төлөвлөлт тусгаагүй хэмээн эсэргүүцэж маргаан үүсээд байгаа нь байна.

Асуудлыг тодруулбал, яах аргагүй АСЕМ-ийн бэлтгэл ажлаас үүдээд газрын асуудал сөхөгджээ. “Бодь” группийн “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нь хүүхдийн паркийн төслөө Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлдэг. Энэ асуудал АСЕМ-ийн хурлын бэлтгэл хангах ажлын хэсгийн түвшнээс хальж, Улаанбаатар хотын захиргаа хүрчээ. Үе үеийн эрх баригчид энэ хоёр компанийн “атганд” байдаг хойно хотын удирдлагууд хариулт өгч чадахгүй байгаа юм байна.

Хүүхдийн паркийн газраас болж нэг хэсэгтээ л олонд чичлүүлсэн “Бодь” группийн “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нь “Голомт” банкны эзний мэдлийнх аж. Тус компани нь хүүхдийн паркийн 32 га газрын 12 га-г эзэмшдэг бол УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн “Мон Уран” компани 1.1 га, “Шангри Ла” зочид буудлыг барьсан “MCS Hotel” групп 3 га, “Сөүл” ресторан 0.9 га газрыг нь тус тус эзэмшдэг байна.

Хүүхэд, залуучуудын хөгжил, соёл, чөлөөт цагт зориулагдсан бүтээн байгуулалт нэртэй ч хэдэн компанийн бизнес цэцэглэж байгаа хүүхдийн паркийн газар дээрх MCS ба “Голомт”-ын хоорондох зөрчил энэ хаврын дуулианд “хуруу хошуу” нэмэх нь. Тэд өмнө нь ч энэ асуудлаар хангалттай үзэлцэж, аль аль нь санасандаа хүрч, нэг нь Шангри Лагийн газартай нөгөө нь Хүүхдийн парктай болоод үлдсэн. Маргаанд аль тал ялах нь ард иргэдэд чухал биш. Монголчууддаа хүртээсэн өгөөж нь юу юм бэ, амжилттай яваагийнх нь ар талд чухам ямар хүчин зүйл байдаг юм бэ гэдгийг дэнслэх шалтаг боллоо.

Үнэндээ өнөөдөр MCS компани улстөрчдийн тэмцлийн золиос болоод байгаа мэт харагддаг ч өөрсдөө тэд үе үеийн төр, засгаас давуу эрх авдаг байсныг нотлох жишээ хангалттай бий. Өрсөлдөгчийнх нь үг хатуу ч үнэндээ спирт, архинаас өөр юу үйлдвэрлэсэн юм бэ гэдэг асуулт үнэний ортой. Хувийн хэвшил үүсээд хорь илүү жил өнгөрч байхад “үндэсний” гэгддэг толгой компаниуд нь өнөөдөр төр, төсвөөсөө татаастай хэвээр. Тэд паркийн газар, улс төрийн хэрүүлийн ард “хутгуур” хийх биш үндэстнийхээ хөгжлийн зүтгүүрийн үүрэг гүйцэтгээд хамтдаа хөгжиж байвал гоё. Даанч тэдэнд ийм хоншоор дутна.

Үргэлжлэлийг