Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангах, эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, эмчийн жор бичилт, эмийг жороор олгох байдлыг төлөвшүүлэх зорилгоор “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяныг зохион байгуулсан билээ. МХЕГ-ын Даргын Зөвлөлийн ээлжит хурлаар уг аяны дүнгийн талаар хэлэлцсэн юм. Энэхүү хуралд МХЕГ-ын Удирдах зөвлөлийн гишүүдээс гадна Эрүүл мэнд, спортын яам, ЭМХҮТ, Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, НДЕГ, НМХГ-ын төлөөлөгчид оролцов. Энэ үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж хэлэхдээ “Зохисгүй хэрэглэж байгаа эм бол хор. Тиймээс иргэдийн эмийн зохистой хэрэглээнд төлөвшүүлэх нь бидний аяны үр дүн байх ёстой. Эмийг зохистой хэрэглэх ётсой гэдгийг нийгэмд мэдрүүллээ. Гэхдээ ингээд өнгөрч болохгүй. Аяны хүрээнд хийсэн ажлуудыг цаашид тогтмолжуулж, гарах үр дүнгийн төлөө энд цугласан холбогдох байгууллагууд дор бүрдээ хичээж ажиллах хэрэгтэй байна. Учир нь эмийг импортоор оруулж ирэх худалдаа бизнес болтлоо цэцэглэн хөгжлөө. Энэ нь эргээд эмийн замбараагүй хэрэглээг бий болгосноор антибиотикт дасалтай болгож, монгол хүний генд нөлөөлөх аюулыг нүүрлүүлээд байна гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.