04.15

Улаанбурхан Монголын ирээдүйд заналхийлж байна

Тийм ээ, өнөөдөр улаанбурхан Монголын ирээдүйд заналхийлэх түвшинд хэдийнэ хүрчээ.  Цахим ертөнцөд энэ өвчин аюулын харанга дэгдэж байгаа талаарх мэдээлэл, пост хаа сайгүй байна. 
Тодруулбал, “Гурван сартай хүүгээ улаанбурханаар алдсан тул памперс хэрэгтэй бол аваарай”..., “Халдвар судлалын хүүхдийн сэхээний тасагт хамаатны маань дүүгийн гурван сартай хүүхэд кор гэсэн оношоор хэвтээд хэд хонолоо. Ээж аав ар гэрийнхнийг нь ч оруулахгүй болохоор гадаа нь бараг амьдрал өрнөж машиндаа хоноглож бүлтийтэл харах ээж аав нь үнэхээр өрөвдөлтэй. Урьд шөнө гэхэд хоёр хүүхэд нас барж, үүрээр нэг хүүхэд нас барсан байна. Үүрээр нас барсан хүүхдийн ээж аав нь амьдрал нь тийм ч сайн биш учраас хэдэн төгрөг наана цаана цуглуулж байж хотод ирээд эмнэлэгт хэвтсэн байна. Гэтэл ирээд удаа ч үгүй хүүхэд нь нас бархад буцаад хүүхдийнхээ шарилыг аваад нутаг буцах мөнгө ч үгүй учираа мэдэхгүй уйлсан хүмүүс байлаа. Тэнд машиндаа хоноглон бяцхан үрсдээ эдшэрэх найдлага тавьсан 10 гаран гэр бүл машинаас машин дамжин хэдэн төгрөг цуглуулан өгөхөд хөөрхий эцэг эх нь бяцхан үрийнхээ шарилыг тэврээд л нутаг буцлаа”... гэх зэргээр сэтгэл эмзэглэм пост зөндөө бий. 
Гэтэл эрүүл мэндийн салбар нь өөрийн гэсэн сайд, удирдлагагүй таван сарын нүүр үзэж байна. Шадар сайд Ц.Оюунбаатар уг нь Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг гүйцэтгэхээр болсон. Гэвч тэрбээр эдгээр өдрүүдэд улаанбурхан өвчний талаар огт дуугарсангүй. Өнөөх хүүхдийн эрх гэж орилцгоодог нөхөд ч таг чиг. Аргаа барсан ээжүүд л өөр өөрийн цахим хуудаснаа үгээ бичиж байна. Төр, эрх баригчид энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болчихоод байна. Учир нь бидний нэрлэж заншсанаар халдвартад өнөөдөр улаанбурханаар өвчилсөн өвчтөнүүд дүүрэн байгаагаас гадна эмч нар, аппарат техник нь хэрэгсэл нь ч хүрэлцэхгүй байгаа юм. 
Ямартай ч нэн яаралтай улаанбурхан өвчнийг дарах, хүүхдийн эндэгдлийг зогсоох, ядаж бууруулах зорилго бүхий Улсын онцгой комиссыг яаралтай байгуулж ажиллуулах шаардлага гараад байгааг эрх баригчдад дуулгая. Үгүй бол Монголын үрс улаанбурханаар эндэж дууслаа. 
Г.НАРАН